Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцохоор ОХУ-ын Москва хотод өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн
өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд Москва хотноо болно. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзана.
ШХАБ 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч 2 улсын 1 нь Монгол юм.
