Төрийнхнийг баяр, ёслолоор архи, дарс хэрэглэхийг хориглов


Баянхонгор аймаг дахь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн зохион байгуулж буй нийтээр тэмдэглэх баярын өдөр, ёслолын үйл ажиллагаа, хүлээн авалтад согтууруулах ундаа хэрэглэхийг тус аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хориглов. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт баяр, ёслолоор согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриаллаа.

“Баяр ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох болон бусад арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны хууль бус борлуулалт, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож, арилгах арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газарт даалгажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад согтууруулах ундаа, түүнээс үүдэлтэй уршиг, сөрөг нөлөөг таниулах чиглэлээр үе шаттай сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахыг Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газарт үүрэг болгосон байна. Сургуулийн захирлууд ажлын төлөвлөгөөнд энэ талаар тусгах ёстой болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *