Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулж, “Монгол шуудан” компани, Чингис хаан үндэсний музей хамтран, дурсгалын марк гаргажээ. Уг маркийг олон улсын шуудангийн харилцаанд түгээх нээлтийн үйл ажиллагаа маргааш (2025.11.21)-ний 12:30 цагт Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.
Дурсгалын марк бол цаг хугацааны хил даван үндэсний бахархал, соёлын өвийг Дэлхий дахинд түгээх соёлын элч юм. Манай улс 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт 7 нэрийн марк гаргасан бол одоо “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой” сэдэвт тусгай технологийн блок маркийг олон нийтэд толилуулах гэж байна.
Буддын шашны тэргүүн, Өндөр гэгээн Занабазар 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн 2 дахь хүү болон Ханджамц хатнаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөнзүйл гэдэг газар мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа Буддын шашны сургаал, номлол, тарнийн гүн ухаанд шамдан суралцаж, 1649 онд Төвөд улсад очиж, Буддын шашны таван их ухааныг заалган, эш онолын эрдэм эзэмшсэн байна.
Занабазар гэдэг нь “аянгат (жнана)-цэцэн билэг (важра)” гэсэн утгатай санскрит гаралтай үг хэмээн үздэг. Өндөр гэгээний билиг, гоо зүйн гайхам авьяас, мэдрэмжээр урлан бүтээсэн үнэт өв нь Монголын соёлын дархлаа, хүн төрөлхтний соёлын үнэт эрдэнэ болон өнөөг хүрчээ.
