2 хүүхдээ хөнөөн, цогцсыг нь чемоданд 5 жил нуусан эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ


Шинэ Зеланд улсад амьдарч байхдаа төрсөн 2 хүүхдээ хөнөөн, цогцсыг нь чемоданд нуугаад, буцаж Өмнөд Солонгостоо очин амьдарч байгаад, 5 жилийн баригдсан солонгос эмэгтэйд шүүх 11-р сарын 26-нд бүх насаар нь хорих ял оноолоо. БНСУ-ын иргэн, өдгөө 45 настай Хакюнг Лий 2017 онд Шинэ Зеландад нөхөр, 2 хүүхэдтэйгээ амьдарч байжээ.

Нөхөр нь хорт хавдрын улмаас нас барсны дараа тэр 6, 8 настай хоёр хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорсон байна. Гэвч Хакюнг Лийд 2 хүүхэд ганцаараа өсгөх нь боломжгүй мэт хэцүү санагдсан тул хүүхдүүдээ хөнөөгөөд, чемоданд хийн, хол аваачиж нуужээ.

Дараа нь Хакюнг Лий нэрээ солиулан, Шинэ Зеландаас нэн даруй явж, төрсөн эх орон Өмнөд Солонгостоо буцаж очжээ. Үүнээс 5 жилийн дараа буюу 2022 онд нэгэн хос Шинэ Зеландын Окленд хот дахь орхигдсон агуулах дотор байгаа эд зүйлсийг авах дуудлага худалдаанд ялжээ. Тэд агуулах дотор байсан нэг чемоданыг нээж үзээд, 2017 онд алуулсан 6, 8 настай Юна Жо, Мину Жо хоёрын цогцсыг олсон байна.

Үүний дараа төд удалгүй 2022 оны 9-р сард Хакюнг Лийг БНСУ-аас баривчилж, Шинэ Зеланд руу шилжүүлсэн аж. Түүний гэмт хэргийг шүүх хурал 2025 оны 9-р сард эхэлсэн байна. Шүүх хурлын үеэр Хакюнг Лий 2017 онд нөхөр нь нас барснаас хойш сэтгэц нь эрүүл биш болж, хүүхдүүдээ хөнөөх үедээ галзуурчихсан байсан гэж мэдүүлжээ. Шүүгч “Таны сэтгэцийн байдал үүнд нөлөөлсөн байж болзошгүй ч гэлээ та тэр үйлдлийг бодож байгаад хийсэн” гэж хэлжээ.

Хакюнг Лийгийн өмгөөлөгч “Хакюнг Лий гэр бүлээрээ амиа хорлосон нь дээр гэж үзээд, их хэмжээний антидепрессант эм шүүсэнд хольж, 2 хүүхэдтэйгээ хамт уугаад унтсан. Даанч тунг нь зөв тооцоогүйн улмаас өөрөө сэрж, харин 2 хүүхэд нь нас барчихсан байсан” гэж өмгөөлжээ.

Гэсэн ч Лийгийн уг үйлдлийг шүүх “Хэтэрхий хувиа бодсон үйлдэл” гэж үзээд, 2025 оны 11-р сарын 26-нд түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *