Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээлээ


АНЭУ-ын Дубай хотод өнөөдөр насанд хүрэгчдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээлээ. ОХУ-ын иргэн Умар Кремлевийн удирддаг Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулж буй энэ тэмцээнд 100 гаруй улсын боксчид нийт 13 жинд хурд, хүч, ур чадвараа сорино.

Манай улсаас уг тэмцээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин оролцож байна. Тэднийг Олон улсын боксын холбооны 1 одтой дасгалжуулагч Х.Хайнар удирдаж буй аж.

Тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчид:

  • 54 кг-д: ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 57 кг-д: ОУХМ Х.Энх-Амар
  • 60 кг-д: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар
  • 63.5 кг-д: Спортын мастер А.Даваадалай
  • 67 кг-д: ОУХМ А.Жандос
  • +98 кг-д: ОУХМ Х.Бекнур

Тэмцээн 12-р сарын 2-13-нд болно. Өнөөдөр техникийн зөвлөгөөн, нээлт болов. Тулаан маргааш эхэлнэ.

ДАШТ-ий шагналын сан 8 сая 320 мянган доллар. Жин тус бүрт түрүүлсэн боксчин 300 мянган ам.доллар, 2-р байр эзэлсэн нь 150 мянган ам.доллар, 3-р байрын шагналтан 75 мянган ам.доллароор шагнуулна. 4-р байр эзэлбэл 20 мянга, 5-р байрт шалгарвал 10 мянган ам.доллароор урамшуулна. Шагналын мөнгөний 50 хувийг боксчин өөрөө авч, дасгалжуулагчид 25 хувийг, улсынхаа Боксын холбоонд 25 хувийг нь өгдөг.

Одоогоор боскын ДАШТ зохион байгуулах эрхтэй 2 холбоо бий. 1 нь ОХУ-ын иргэн Умар Кремлевийн IBA. Нөгөө нь Казахстаны иргэн, мэргэжлийн боксын Дэлхийн аварга Геннадий Головкины удирддаг “World Boxing” холбоо. “World Boxing” бол байгуулагдаад удаагүй шинэ холбоо. Сонирхогчдын боксын ертөнцөд IBA болон шинээр байгуулагдсан World Boxing холбоо хооронд маргаан үүсээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *