Хоригдож байгаа ялтныг шоронгоос авчран, өөр шүүх хуралд оролцуулжээ


Шоронд хоригдож байгаа ялтныг шүүх танхимд авчран, өөр нэг хэрэгт яллах шаардлага Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гарчээ. Шүүгдэгч Р, М, Г нарт холбогдуулан, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Тэдний гэм бурууг шүүх хуралд шүүгдэгч Р ирээгүй аж. Учир нь тэр 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байв.

Уг шүүх хуралд шүүгдэгчийг заавал оролцуулах шаардлагатай гэж үзэн, шүүгч шүүх хурлаа хойшлуулж, ШШГЕГ-ын 425 дугаар нээлттэй хорих ангиас Р-ыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн авчрахыг прокурорт даалгажээ. Хяналтын прокурор түүний дагуу Улсын ерөнхий прокурорын газарт хандан, шүүгдэгч Р-г шилжүүлэх хүсэлт хүргүүлжээ. Гэтэл УЕПГ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121.1-т “Хоригдол шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө, эсхүл ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдсон бол прокурорын зөвшөөрлийг үндэслэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж болно” гэсэн байна. Харин хоригдлыг шүүхэд шилжүүлэх талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн албан бичиг шүүхэд ирүүлжээ.

Тэгэхээр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ШШГЕГ-ын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид албан бичиг, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлжээ. Үүний дагуу тус хорих ангиас шүүгдэгч Р-г шүүх хуралд хуяглан ирүүлжээ. Ингэхдээ уг өдрөөр түүний эдэлсэн ялын тооцоог гаргуулан, шүүхэд ирүүлсэн аж.

Шүүх Р-г оролцуулан, 2025.10.07-нд шүүх хурлаа үргэлжлүүлж, түүний гэм бурууг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүний дараа шүүгдэгч Р-г ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид шилжүүлжээ. Түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсон гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *