Э.Болормаа: Гаднын компаниас хандив авсан гэдэг асуудлыг Ц.Цэрэнпунцагийн хуулийн баг гаргаж ирсэн


NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Э.Болормаа оролцлоо.

-Урилга хүлээж авсанд баярлалаа. Томилолтоор явж байх хугацаанд нь багагүй асуудал яригдаад өнгөрлөө.

-Би өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт томилолтоосоо эргэж ирсэн. Энэ намрын чуулганы үеэр нэг л удаа гадагшаа томилолтод явлаа. Чуулганы ирц өндөртэй гишүүдийн тоонд багтдаг. Хаврын чуулганаар 100 хувийн ирцтэй 10 гишүүний нэг байсан.

Энэ бол их чухал томилолт. Бразил улсад “Уур амьсгалын COP” хурал болсон. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор манай улсад зохион байгуулагдана. Дэлхийн улс орнууд цаашид хэрхэн ногоон хөгжлийн замаар явах вэ, цөлжилттэй хэрхэн тэмцэх вэ гэх томоохон бодлого агуулдаг. Үүнд Монгол Улс маань манлайлан ажиллаж, Дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй юм. Түүнчлэн тус хурлын элч төлөөлөгчөөр Л.Мөнхбаясгалан гишүүн ажиллаж байгаа. Бид хоёр хамтдаа албан томилолтоор яваад ирсэн.

-Энэ хугацаанд таныг цагдаагийн байгууллагаас яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор “Тогтоолоо авахгүй байна” гэх асуудал ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Тантай холбогдсон гаднын хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн үеэр хандив авсан гэдэг асуудал байгаа шүү дээ. Одоо шалгалтын явц ямар шатандаа байна?

Томилолтоос ирснийхээ маргааш буюу мягмар гарагт би өөрийн биеэр цагдаагийн байгууллагад очсон. Надад яллагдагчаар татсан гэх тогтоолоо гардуулж өгөх ёстой. Гэтэл тогтоол нь бэлэн биш байсан.

-Бэлэн болсон тогтоолыг нь та авахгүй байсан юм биш үү?

Бараг бүх хэвлэлээр сенсаац үүсгээд, эрэн сурвалжилж байна гэдэг мэдээлэл цацагдахад л би мэдсэн. Надад албан ёсоор мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гарахаар нь цагдаагийн байгууллагад очсон. Ингээд өнгөрсөн баасан гарагт тогтоолоо гардаж авч танилцсан. Яг ямар асуудлаар намайг буруутгаж байгааг нь судлаад үзэхэд, “Сонгуулиар хандив авсан. Түүнийгээ сонгогчдод тараасан” гэсэн байсан. Яагаад эрүүгийн хэрэг болоод байгаа вэ гэхээр, “Сонгогчдын сонгох эрхэнд халдсан. Сонгуулиар мөнгө тараасан” гэх асуудал байгаа юм.

Би мэдүүлгээ цагдаад өгсөн. Энэ үеэр тогтоолын …дугаар хуудсанд чинь алдаа байна гэдгийг хэлтэл мөрдөгчид байгаа тогтоол болон надад өгсөн тогтоол хоёр хоорондоо зөрөөд эхэлсэн. Хуудас нь ч мөн зөрөөд эхэлсэн. Үүнээс харахад хоёр өөр тогтоол үйлдсэн байгаа юм. Хавтаст хэрэгт байгаа тогтоол болон надад байгаа тогтоол үг, үсгийн зөрүүгээс гадна агуулгын хувьд ч зөрөөд эхэлсэн. Тиймээс энэ асуудал шүүх болон хуулийн хүрээнд шийдэгдээд явна.

Энэ жишээ яг юуг харуулж байгаа вэ гэхээр ердөө л улс төрийн зорилго. Би маш олон удаа улс төрийн зорилготой гэдэг зүйл ярьсан. Үүнийг л баталж байгаа нэг жишээ. Процессын алдаатайгаас гадна өөр ямар нэг дарамт шахалтаас үүдэн хийж байгаа ажил юм болов уу гэж бодогдож байна.

-Хавтаст хэрэгт байгаа тогтоол нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, яллагдагч гээд бүгдэд нь л яг ижил байх ёстой шүү дээ. Яг ямар агуулга нь зөрүүтэй байсан бэ?

-Мэдээж хэдхэн үг үсэг, мөр хоорондын ялгаа байсан бол өөр хэрэг. Хэвлэлтийн үед алдаа гаргасан байх гэж бодъё. Гэтэл хүнийг яллагдагчаар татах тогтоол гардуулахдаа хоёр өөр агуулгатай байна гэдэг бол маш том асуудал. Үүнтэй холбоотойгоор маш нарийн дүгнэлт хийсэн. Гэхдээ одоо шалгагдаж байгаа учраас уг хэргийн талаар нарийн ярьж болохгүй байна. Тиймээс холбогдох газруудад нь зохих ёсны гомдлоо гаргасан.

-Сонгуулийн хуулийг харлаа л даа. Гэтэл энэ хуульд алдаатай зүйл мэр сэр байна. Хандив авсан, мөнгө тараасан гэх асуудлыг сонгуулийн үеэр л шийдэж, дүгнэлт гаргахгүй бол УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа зохицуулах боломжгүй юм байна. Та сонгуулийн үеэр мөнгө тараачихсан юм уу?

-Би тогтоолтой танилцсаныхаа дараа яг ямар баримт байгаа болоод энэ асуудлыг яриад байна вэ гэж их гайхсан. Угтаа бол цагалбарын хувьд энэ нь зөрчлийн шинж чанартай асуудал. Яг таны хэлсэнчлэн гишүүн болохоос нь өмнө энэ асуудлуудыг хэлэлцэж, зөрчлийг тогтоогоогүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байдаггүй. Хуулийн хүрээнд дүгнэлт хийхэд ердөө ийм.

Сонгууль болж өнгөрснөөс хойш жилийн дараа буюу өнгөрсөн 7 дугаар сард энэ хэргийг эрүүгийн хэрэг болгож өөрчилсөн л дөө. Өмнө хэлсэнчлэн эрүүгийн хэрэг болж байгаа ганц шалтгаан нь мөнгө тараасан гэх асуудал. Гэтэл сонгогчдод мөнгө тараасан гэх ямар ч баримт байхгүй. Зөвхөн “Хандиваа яаж зарцуулсан нь тодорхойгүй тул мөнгө тараасан байж болзошгүй” гэх өгүүлбэрийг ашиглаад л эрүүгийн хэрэг болгоод байгаа юм.

Бүх нэр дэвшигчид сонгуулийн үеэр цугласан хандив болон зарлагууддаа НӨАТ-ын баримт шивээд өгдөг шүү дээ. Гэтэл зөвхөн Э.Болормааг онцлоод байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байгаа.

Би хэвлэлээр яригдсан асуудлыг хэлье. Энд улстөржүүлэх зорилго огт байхгүй шүү. MCS компани бараг 20, 30 гишүүнд, улс төрийн намуудад хандив өгсөн. Бид олон нийтээрээ энэ компанийг олон улсын бирж дээр хувьцаагаа нээлттэй зарсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдгийг мэднэ. “Энержи ресурс”-ын хувьцааг ч Люксембург, Хонконг, Хятад зэрэг улсын компани эзэмшдэг. Мөн л гадаадын хөрөнгө оруулалттай компани. Тэгвэл түүний охин компаниудаар хандив авсан гишүүд болон намуудын асуудал яах вэ. Ижил тэгш хандаж байна уу.

Сонгуулийн үеэр миний мэдэхгүй, танихгүй хүн надад хандив шилжүүлээд, маргааш нь нэрээ өөрчилсөн. Үүнийг би зохион байгуулалттай хэрэг гэж үзсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл түүнийг шалгалгүй хэргийг хаадаг. Б.Батцэцэг сайд бас адилхан юм ярьж байна лээ.

Тэр “Би Ж.Оджаргал захиралтай огт яриагүй, мэдээгүй байхад надад хандив орж ирлээ” гэсэн. Яг адилхан нөхцөл байдалтай асуудлыг олон гишүүн ярьж байхад яагаад энэ бүгдийг адилтган авч үзэхгүй байна вэ. Ийм учраас л үүнийг улс төрийн зорилготой гэж хараад байгаа юм.

-Сүүлийн үед улстөрчид нэг сэдэв ярихаараа нэг компани ярьдаг эсхүл болж өнгөрсөн асуудлыг ярьж, улс төртэй холбодог болчихлоо. MCS компанийг та жишээ татаж ярилаа. Энэ компани гаднын хөрөнгийн бирж дээр гарсан нь бизнес моделын хувьд зөв зүйл шүү дээ. Тэгэхээр MCS компани гишүүдэд хандив өгч болно биз дээ?

-Яг үүнийг хуулийн зүгээс тодорхой болгох хэрэгтэй. Би огт өнгөрсөнтэй холбож яриагүй байна. 2024 оны УИХ-ын сонгуульд нийт 1300 гаруй хүн нэр дэвшсэн. Энэ бүх хүний хандивыг яг ижилхэн шүүсэн үү?

-100 хувийн хөрөнгө оруулалттай гаднын компаниас хандив авсан асуудлыг үүнтэй холбож ярих нь зохимжгүй жишээ мэт санагдаж байна л даа?

-Би энэ компанийг анх удаа сонсож байгаа шүү дээ. Огт үйл ажиллагаа явуулдаггүй, цаасны компани юм билээ. Гэтэл энэ компани MCS компанитай холбоотой болж таарч байгаа.

Мэдээж Э.Болормаа гэдэг хүн өөрийнхөө асуудлыг яриад байгаа учир өөрийгөө хамгаалж байна гэж харагдаад байгаа юм. Гэсэн ч үүнийг логикоор харах юм бол улс төрийн найруулгатай байна. Үүнийг л хэлээд байгаа юм.

-Сонгуулийн үеэр танд хандив өгсөн компаниудыг би харж байна л даа. Танд ч бас хандив өгсөн MCS компанийн хэд хэдэн охин компани байна. Яг адилхан л хандив авсан байна шүү дээ?

-Тийм ээ. Би яг л адилхан асуудлыг яриад байгаа юм. MCS компанийн захирлуудтай холбогдож, хандив гуйж, мөнгө асуугаагүй. Хуулийн хүрээнд хандивын дансыг нээлттэй байршуулсан, хандив орж ирсэн. Би тийм баян, бизнесмэн хүн биш шүү дээ. Хандив орж ирэхээр нь сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан, залуу нэр дэвшигч.

Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаа бүр тодорхой болгоё. Түүнээс биш нэг хүнийг улс төрийн зорилгоор нийгэмд яллахаа больё. Бүр хуулиа ярих гэж байгаа бол яг хуулиар нь зөрчлийн асуудлаа эхлээд ярь. Түүнээс гадна миний хэлээд байгаа улс төрийн зорилгоор зохион байгуулсан ажил мөн үү, биш үү гэдгийг шалга л даа. Яагаад цагдаагийн байгууллага үүнийг шалгахгүй байгаа юм.

-Та гаднын хөрөнгө оруулалттай компани хандив шилжүүлсэн гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Хамгийн эхний намрын чуулган завсарласны дараа би хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан юм. Томилолоор явахаас өмнө Төрийн ордонд надаас нэг сэтгүүлч асуусан санагдаж байна. Тухайн үед бид өөрсдөө ч сонгуулийн асуудлаа нарийн мэдэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл энэ оны эхэнд мэдсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ оны хоёрдугаар улиралд би буцаагаад шилжүүлсэн.

-Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнөх гурав хоногт нэр дэвшигчид бүгдээрээ аудитад явцын болон сүүлийн тайлангаа гаргаж өгдөг шүү дээ. Тэр тайлангаа гаргаж байхдаа хандив өгсөн компани бүрт санхүүгийн шалтгалт хийж болоогүй юм уу. Энэ нь таны болон танай багийн алдаа шүү дээ?

-Би яг хуулийн хугацаанд нь бүх тайлангаа өгсөн. Бүх нэр дэвшигч мэргэжлийн аудитын байгууллага хөлсөлж, шалгуулдаг. Миний хандиваас 150 сая орчим төгрөгийн зөрчил илрэхэд нь буцаагаад шилжүүлсэн юм. Гэвч энэ зөрчлийг тухайн үед мэдээгүй. Энэ нь миний алдаа юу, зохион байгуулалттай юу, эсхүл өмнө хэлсэнчлэн тухайн компани мөнгө шилжүүлснийхээ маргааш нэрээ сольсон учир алдаа гарсан уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна.

Тухайн үед СЕХ, аудит зэрэг холбогдох газруудад бүх тайлан, мэдээллээ өгсөн. Гэтэл эдгээр төрийн байгууллага ямар нэг зөрчил илэрлээ гэж хэлээгүй. Хэрэв тэр үед мэдэгдсэн бол би энэ зөрчлийг мэдээж арилгуулна шүү дээ.

-Улс төрийн сонгууль учраас өгч байгаа хандив бүрээ шалгах хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл ямар нэгэн гаднын компани таныг мэдэхгүй байхад хандив өгчхөөд дараа нь хандивынхаа хүрээнд ямар нэгэн байдлаар тулган шаардалт орж ирэх эрсдэлтэй. Тиймээс заавал өмнө нь шалгасан байх ёстой байх?

-Тэр хуулийн үзэл санааг би дэмжиж байгаа. Гэхдээ хууль болон аливаа дүрэм журмууд амьдрал нийцсэн байх ёстой. Энэ бол хамгийн энгийн шаардлага. Тэр дунд алдаа шалгах хэд хэдэн механизм байх хэрэгтэй.

Нэр дэвшигчид сонгуулийн үеэр бүх асуудлыг мэдэх боломж тун хомс. Үндсэн нэр дэвшигчийнхээ ажилд анхаардаг.

Зарим нэр дэвшигч нэг ч төгрөгний хандив авах шаардлагагүй. Хамгийн том группүүдийг удирддаг. Бас Монгол Улсын хамгийн чадварлаг нягтлангууд, аудитын байгууллагуудыг ажиллуулдаг шүү дээ. Би бол найз нөхөд, ах дүү, хамаатан садныхаа хүрээнд л сонгуульд оролцсон. Түүнээс гадна мэргэжлийн аудитын байгууллага хөлслөөд ажиллуулахад 150 сая гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн боловч 30 сая төгрөг дунд нь алдагдсан байна. Гэхдээ ямар нэг санаагаар энэ мөнгийг авч үлдсэн явдал байхгүй.

Хүмүүс аудитын тайлангаа засаад, хуурамчаар үйлдээч гэхэд нь би “Үгүй” гэж байсан. Би ямар ч зүйлийг нуун дарагдуулахыг хүсэхгүй байна. Үнэн бодитоор нь нөхцөл байдлаа тайлбарлаж байна. Түүний дагуу л арга хэмжээ авч байна.

-Та хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ штаб хариуцсан ажилтнууд үүн дээр алдаа гаргасан байна. Энэ хүмүүсийг буруутай гэдэг шийдвэр гарвал зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Гэтэл түүний дараа танай штабын ажилчид мэдээлэл тавьсан байна лээ.

-Хаана?

-Хуульч Б.Мэргэн танай хуулийн баг байсан биз дээ?

-Үгүй ээ. Б.Мэргэн хуульч бол Ц.Цэрэнпунцаг гишүүний хуульч байсан.

-Гэхдээ таны мэдээллийг ямар ч асуудалгүй гэж хамгийн түрүүнд тайлбарлаж гарч ирсэн шүү дээ?

-Үгүй ээ. Харин энэ асуудлыг Ц.Цэрэнпунцаг нэр дэвшигчийн хуулийн баг гаргаж ирсэн юм. Үргэлжлүүлээд энэ хүн байнга уг асуудлыг ярьж байгаа. Одоо би тойргийнхоо асуудлыг ярья.

Манай тойрог буюу баруун бүс нь Монгол Улсын газар нутгийн хэмжээнд хамгийн том тойрог. 300 мянга гаруй иргэнтэй. Би 64,838 сонгогчийн саналаар сонгогдсон. Ц.Цэрэнпунцаг гишүүн яг миний ард 301 хүний саналаар ялагдсан. Энэ хүнд ирэх сонгуулиар дахин сонгогдох сонирхол байгаа байх. Намайг эгүүлэн татвал магадгүй баярлаад, нөхөн сонгуульд оролцъё гэж бодож байж болох юм. Би мэдэхгүй.

Харин харилцаа хамаарлыг нь ярих юм бол хуульч Б.Мэргэн нь Ц.Цэрэнпунцаг гишүүний сонгуулийн хуулийн багийг ахалж ажилласан. Түүнээс гадна би өөрийнхөө штабын ажилчдаас энэ хүн буруутай, энэ хүн алдаа гаргасан гэж ёсзүйгүй, жудаггүй үйлдэл гаргахгүй. Би нэр дэвшигч байсан. Энэ бол миний хариуцлага. Би тухайн үед яагаад тэгж хэлсэн бэ гэхээр зөрчлийн асуудал нь хуулиараа торгох ял өгдөг юм гэдгийг тайлбарлаж хэлсэн юм.

-Сонгуулийн тухай хуулийн 56.1.1-р таныг зөрчил гаргасан гэж үзээд байгаа шүү дээ. Одоогоор энэ асуудал шалгагдаж байгаа болохоор процессыг нь яриад өнгөрье. Тэгвэл таныг эгүүлэн татуулах хэмжээнд хүргэхээр зориод байгаа улс төрийн зорилгын цаана яг хэн байгаа юм бэ?

-Ганц нэг хүн гэж харахгүй байгаа. Бас энэ хүн, тэр хүн гэж ярихыг тийм ч ач холбогдолтой зүйл гэж бодохгүй байна. Ер нь улс төрийн хүрээнийхэн гадарлаж байгаа байх.

-Болохгүй зүйлийг нь хэлээд, яриад асуудлаа яг нэг тийш нь шийдэж болохгүй юм уу?

-Бодлогын  шинж чанартай асуудалд өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа гэж бодож байгаа.

-Ер нь залуу гишүүдийг энэ асуудлыг дэмж, энэ дээр кноп дар, их хурлын даргыг явуул, үлдээ гэх мэт шахалт орж ирж байна уу. Нуулгүй хариулаад өгөөч?

-Орж ирэлгүй яах вэ. Бусад гишүүн ч үүнийг нээлттэй ярьдаг. Г.Лувсанжамц гишүүн “Засгийн газрыг огцруулах санал хураалтын үед гадагшаа яв гэдэг” гэх агуулгатай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан шүү дээ. Гэхдээ яг миний хувьд байр сууриа тодорхой илэрхийлсэн учраас ийм асуудал гарч байгаагүй. Магадгүй өөрийн байр суурь нь тодорхойгүй гишүүд дээр ийм ажиллагаа явдаг юм болов уу.

Ер нь Засгийн газрыг огцруулъя гэсэн байр суурьтай олон хүн рүү дайралт ирж байгаа шүү дээ. Заналхийлсэн зан характер, харилцаа гаргаж байгаа. Хэд хэдэн гишүүн ч үүнийг хэлж байгаа.

-Эргээд хандивтай холбоотой асуудал руугаа оръё. Э.Болормаа гишүүн залуу хүнийхээ хувьд яг энэ асуудлаа нээлттэйгээр, зоригтойгоор шалгуулах хүсэл байгаа юу. Ямар нэгэн байдлаар зугтах, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээд нуугдаад байхгүй биз дээ?

-Таны ойлголтуудыг бүгдийг нь засъя. Хандив авсан гэх асуудлыг ярилцлагын явцад бүгдийг нь нээлттэй хэллээ. Хэзээнээс эхэлж мэдсэн, шалгалтын явцад гарсан процессын асуудал, тогтоолын зөрүүтэй мэдээлэл гээд бүх зүйлээ ил тод мэдээлж байгаа. Та болон бусад сэтгүүлчид ч мэдээллээ нээлттэй өгч байгаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр 2-р тойрог буюу баруун бүсэд мөнгөний фактор их гарсан. Үүнийг ил тод баталж чадахгүй ч гэсэн улс төрийн хүрээнд сонгуулийн үед их яригдсан. Та дотор нь байсан учраас хамгийн сайн анзаарсан байх?

-Миний хувьд анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн учраас харьцуулж ярих боломжгүй шүү дээ. Мөн надад ямар нэг баримт нотолгоо байхгүй учраас үүнийг яримааргүй байна.

Харин манай тойргийн хэд хэдэн гишүүн дээр сонгуулийн штаб нь мөнгө тарааж байгаа баримт гарсан. Цагдаа, прокурор дээр шалгагдаж байна гэдэг. Гэтэл түүнийгээ наймаалцаад, тухайн гишүүд нь дарах ёстой кнопыг нь дардаг гэх яриа яригддаг. Тиймээс үүнийг шалгах ёстой хүмүүс нь шалгана гэдэг байр суурьтай байдаг.

-Үүн дээр гомдол гаргаж болох уу?

-Одоо би шалгалтын явцад гомдлоо гаргаад явна.

-Ер нь энэ асуудал байх ёстой юм шиг хүлээн зөвшөөрчихсөн ч юм шиг?

-Олон нийтэд энэ мэдээллийг ил тод ярьж байна гэдэг бол гомдол гаргаж байгаатай адил зүйл. Үүнийг прокурор, цагдаа шалгах ёстой.

-Гэрчээр дуудах ёстой шүү дээ?

-Тийм шүү. Тэгвэл би энэ асуудлыг хэлнэ. Түүнээс биш зүгээр нэг сенсаац тарих гээд ч юм уу, тантай хов жив болгох гээд байгаа хэрэг биш шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт та мэдээлэл хийж байхдаа “Парламент дотор ажлын байрны бэлгийн дарамт байдаг. Гэхдээ өмнөх парламентын үед” гэж ярьж байсан. Энэ асуудал дээр таниас холбогдох газрууд мэдээлэл авсан уу?

-Одоогоор надаас мэдээлэл аваагүй байна.

-Энэ мэдээлэл яг үнэн бодитой юм уу. Энгийн мэт боловч энэ бол хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг гарах үндэс ч байж болох юм?

-Би ярилцлага дундаа “Хүний эрээн дотроо” гэдэг агуулгыг онцолж хэлэх гэсэн юм. Гаднаа их гоё сайхан харагдаад, ухаантай үг хэлж байгаа боловч цаанаа ямар хүн бэ гэдгийг бид мэддэггүй. Түүнийг ярьж байхдаа энэ жишээг татчихсан юм. Өөрөөр бол ямар ч ховын чанартай зүйл ярихыг хүсээгүй. Үүнийг хуулийн хүрээнд шалгах ёстой. Надаас асуувал би өөрийн мэдэх хэмжээнд мэдээлэл өгнө.

-Уг асуудлыг та тайлбарлахдаа улстөржсөн гэж яриад байдаг. Гэтэл олон нийт таныг гаднын компаниас мөнгө аваад, сонгуульд өрсөлдсөн юм биш үү гэж харж байгаа. Үнэхээр гаднын компаниас мөнгө аваад, сонгогчдод тараачихсан бол өөр асуудал?

-Тантай санал нэг байна. Энэ бол ноцтой асуудал. Үүнийг бид эрүүл ухаанаар бодох ёстой. Би аливаа нэг компанийн нөлөөнд орчихсон бол ингээд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх үү. Мөнгөний хэмжээг их, бага гэж дүгнэж хэлэхгүй ч гэсэн 30 сая төгрөгөөр баруун бүсэд 64,838 хүний санал авах боломжгүй шүү.

-300 гаруй хүний санал авах байх?

-Би бол тэгж бодохгүй байна. Сонгогчдыг ингэж ярьж болохгүй.

-Ярилцлагынхаа хоёр дахь асуудал руу оръё. Өмнөх сонгуулиуд бол ил тод биш, аудитын дүгнэлтгүй, та бидний яриад байдаг шиг мөнгө тараадаг, цүнхтэй мөнгө өгч авалцдаг, энэ нь эргээд бизнесийн эрх ашгийг нь хамгаалдаг ийм л нөхцөл байдалтай байсан. Тэгэхээр цаашид зөв жишгээ алдаж болохгүй юм шиг санагдаад байгаа юм?

-Яг зөв. Хандив авч, сонгуульд оролцож байгаа хүмүүс бол өөрсдийн гэсэн бизнесгүй хэдэн залуус л байгаа юм шүү дээ. Том бизнестэй нөхөд бол хандив авах шаардлагагүй. Өөрөө бүх зардлаа гаргадаг. Угтаа ардчилсан сонгуулийн боломж тэгш байх хэрэгтэй. Тухайн сонгогч итгэл үнэмшил, үзэл санаандаа нийцүүлж хэн нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Гаднын орнуудад ч яг ийм тогтолцоогоор сонгууль явагддаг.

Буруу тохироо буюу ямар нэг эрх ашгийн төлөөх тохироонууд дандаа далд, нууцаар болж байгаа. Энэ бүх ярианаас болж дараа дараагийн сонгуульд аливаа нэг дэвшигчийг ямар нэгэн байгууллага өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжье гэсэн ч хэл амны бай болохоос айгаад татгалзаж, зогсож мэднэ.

-Зогсохгүй л дээ. Нууцаар өгөх байх?

-Ямар нэгэн эрх ашгийн төлөө ажиллах гэж байгаа бол нууцаар өгнө л дөө. Харин зөв үзэл санаагаар сонгуульд өрсөлдөж буй хүмүүст нь ирэх дэмжлэг байхгүй болно. Сонгууль гэдэг бол хамгийн наад захын бензин тосноос эхлээд л зардал ихтэй. Энэ бол худал зүйл биш. Ердөө л бодит байдал нь.

-Та баруун бүсэд газар дээр нь ажиллаж байсан. Тэгвэл тэнд байгаа асуудлыг парламент дээр шийдэх гэхээр ямар асуудал тулгарч байна. Юунаас болж зогсоод байна. Энэ намрын чуулганаар нэг ч хууль баталсангүй. Ажил нам зогсчихсон. Зүгээр л улс төр л яриад байна?

-Энэ намрын чуулганаар батлагдсан хууль бол 2026 оны төсөв. Таны яриад байгаа орон нутгийн хөгжил, бүсчилсэн хөгжилд хамгийн чухал өөрчлөлт оруулах зүйл бол төсөв байхгүй юу. Гэхдээ өөр олон хууль ч байж болно л доо.

Миний бие Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхад Орон нутгийн хөгжлийн сангаар 10 орчим тэрбум төгрөгийн төсөв орж ирж байсан. Түүгээр ямар ямар ажил хийх вэ гэдгийг аймгийн ИТХ шийддэг. Бид энэ 10 орчим тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд Ховд аймгийн бүх сумын өөрсдийнх нь саналыг хүлээн авч, нэн тэргүүний ажлуудаа хийж байсан. Тухайлбал, эмнэлгийн засвар, соёлын төвийн засвар, өрхийн эмнэлгийн урсгал зардлыг нэмэх, бодлогын шинжтэй ажлууд, мөн 100 хувь камержсан аймаг болж чадсан. Үүний үр дүнд гэмт хэрэг, зөрчил эрс багассан.

Мөн бид “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлж, бүх бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүддээ сүү өгсөн. Гэтэл намайг засаг дарга байхад хаанаас ч юм бүү мэд гэнэт л нэг гишүүний 4-5 тэрбум төгрөгийн төсөв гараад ирдэг байсан. Яг энэ асуудалд засаг дарга байхдаа ч шүүмжлэлтэй ханддаг байсан. УИХ-ын гишүүн болоод ч ноцтой дуугарсан.

Энэ гишүүний, тойргийн гэдэг асуудлыг болих ёстой. Үнэхээр мөнгө нь байгаа бол орон нутагт нь эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Тэнд ямар асуудал тулгамдаад байгааг нь хамгийн сайн мэдэх хүмүүс бол тухайн орон нутгийн хүмүүс.

-Гишүүний төсөв гээд яригдаад байна шүү дээ. Тэр тендерийг нь яаж зохион байгуулдаг юм бэ?

-Үүнийг хүмүүс хулгай гэж ойлгоод байгаа. Гэхдээ үүнийг би буруу төлөвлөлт гэж хэлээд байгаа юм. Гишүүн бол төсвийн ерөнхийлөн захирагч биш. Түүнийхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй. Бид бодлого, шалгуур үзүүлэлтээр нь дэмжих ёстой болохоос биш, бодлогоо энд тэндээс нь цөлмөөд байвал асуудал шийдэгдэхгүй.

Болормаа: Заримынх нь шуналыг Монгол Улс дийлэхээргүй байна

-Улсын төсвийг хараад бүх юмыг шийднэ гэвэл бүтэхгүй.

-Миний санаа бол орон нутгийн төсвийг нэмэгдүүл л гэж байгаа юм.

Би таны санааг ойлгож байна. Тодорхой хэмжээний уул уурхайн баялгийн нөөц байна. Үүнийг ашиглах боломж зарим аймагт байна. Заримд нь ховорхон. Халзанбүрэгтэй ордыг ашиглахыг та яагаад эсэргүүцээд байдаг юм?

-Энэ төсөл дээр та намайг ямар байр суурьтай байгааг яаж мэдэж байгаа юм бэ?

-Сонсгол дээр та энэ төслийг яаж явуулах вэ гэдэг байр суурьтай биш байгаа нь харагдсан шүү дээ. “Энэ төслийг ашиглаад байх шаардлага байна уу? Бидэнтэй бидэнгүй Iphone-ын үйлдвэрлэл явна” гээд хэлж байсан.

-Шаардлага байна уу гэж би асуумаар байна. Ховд аймгийн засаг дарга байхдаа энэ төслийн лицензийг цуцлуулах хүсэлтийг Засгийн газарт өгч байсан. Сонсголын үеэр ил болсон. Лиценз олголт нь хуулийн хүрээнд алдаатай байсан юм уу гэж анзаарсан.

Аймгийн засаг дарга Засгийн газрын харьяалалд байдаг албан тушаалтан. Би өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд л ажлаа хийсэн. Би энэ үед Засгийн газраас өөр байр суурьтай байдаг байсан. УИХ-ын гишүүн болсны хувиар би аймгийнхаа иргэдийг төлөөлөх үүрэгтэй. Тэдний дуу хоолойг төрийн түвшинд гаргаж ярих учиртай. Би УИХ-ын гишүүний хувиар зөвхөн Халзанбүрэгтэй ордын тухай яриад байгаа юм биш. Монгол Улсын газрын ховор элементийн бодлогыг яриад байгаа юм. Урдаа барьж байгаа төсөл нь Ховд аймагт байна. Нэрэнд нь ховор гэдэг үг орчхоод байгаа болохоос биш, газрын ховор элемент өөрөө ховор биш гэдгийг хаанаас ч олоод үзэх боломжтой. Ямар ч судалгаанаас харсан газрын ховор элементийг олборлох явц эрсдэлтэйг мэдэж болно. Алт, нүүрс олборлосноос илүү эрсдэлтэй юү? Илүү эрсдэлтэй.

Урд хөршид Баян-Овоо гээд хамгийн том орд нь байдаг. Ойр орчмынхоо байгаль орчныг сүйтгэсэн гээд Дэлхийн хэмжээний кэйс болдог. Бид тийм төлөөс төлөхөд бэлэн үү? Хангалттай судалгаа хийсэн үү? Төр, засаг үүн дээрээ ямар бодлого барьж байгаа юм бэ?

Бид эхлээд урдах төслүүдээ янзлах ёстой. Тэр төслүүдээс иргэд үр өгөөжөө хүртдэг болсны дараа дараа дараагийн төслүүдээ яримаар байна. Төр, засаг газрын ховор элементийн талаар ямар бодлого баримтлахаа тодорхой болгох ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч үүн дээр байр сууриа илэрхийлсэн байдаг.

Газрын ховор элементийг ашиглах гэж байгаа бол  стратегийн орд болгох ёстой. Газрын ховор элемент гэдэг өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Дайны онгоцонд ордог. Зэвсэгт ч ордог. “Iphone”-д ордог. Орос, Украины дайны үеэр ч газрын ховор элемент ашиглах асуудал яригдаж байна шүү дээ. Бусад улс орны хувьд газрын ховор элемент төрийн зах зээлд явдаг учраас стратегийн болгох ёстой.

-Та лицензийг нь цуцлах хүсэлтээ 2023 оны намар өгч байсан бил үү? Лиценз авсан компани нь хууль зөрчсөн баримт байгаа юм уу?

-Байхгүй.

-Тэгээд яагаад ийм юм яриад байдаг юм бэ?

-Тухайн үед миний гаргасан лиценз цуцлах үндэслэл бол зөрчил илэрсэнтэй холбоотой. Би лиценз цуцлах хүсэлтээ тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Одоо энэ төсөл ашиглалтын лицензтэй хайгуул хийдэг. Хайгуул хийж, нөөцөө тогтоон, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа ашиглалтын лиценз өгдөг байх ёстой. Гэтэл аль алийг нь хийлгээгүй байж, ашиглалтын лиценз авчихсан байгаа байхгүй юу.

Би энэ компанийг буруутгамааргүй байгаа юм. Иргэдийг ч буруутгамааргүй байна. Бодлого тодорхойгүй учраас үл ойлголцол яваад байна. Компани тэнд үйл ажиллагаагаа эхэлчхээд байна. Иргэд “Эрсдэл юу юм бэ” гээд асууж байна. Төр өөрөө бодлогоо тодорхойлмоор байгаа байхгүй юу. Аль алийг нь ингээд зовоогоод байлгүй, талцуулж маргуулаад байлгүй л юм хиймээр байна. Сонсгол хийхэд эрүүл  мэтгэлцээн өрнөх ёстой байтал байгалиа хамгаалж байгаа хүнийг орк мангар гээд л, тэсэлгээ хийх гэж байгааг нь эрдэмтэн профессор мундгууд гэж дуудаад л. Ингээд байхаар чинь эрүүл мэтгэлцээн болохгүй.

-Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд улс төрд байгаа хүмүүсийн хийчихсэн зүйл л дээ. Аливаа зүйлийг зөв, буруу гэж хэлж болохоо байчихсан. Эрүүл дүгнэлт байхгүй. Зөв зүйл яривал нэг талынх. Буруу зүйл яривал нөгөө талынх. Саванд хийж байгаад л шигшчихдэг. Үүнийг ярьдаг ч хүн алга. Газрын ховор элементийн тухайд ийм зүйл асуумаар байна. Манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ л зарж амьдарч байгаа улс. Үйлдвэр барина гэж яриад 30 жил боллоо. Үйлдвэртээ боллоо гэхэд ажиллах хүч байна уу гэхээр бас хэцүү байна. Шийдэл гаргая гээд хуулийн төсөл өргөн барих гэхээр бас л гадаадынхныг оруулж ирэх гэлээ гээд л.

Ховор элементийг тодорхой хэмжээний стандарттай, хариуцлагатай уул уурхайн хүрээнд хийгээд явчхаж болохгүй, улс төр үүсгээд байгаа шүү дээ. Энэ улс төрийг үүсгэсэн эхний хүмүүсийн нэг нь та гэж би харж байна. Лицензийн хувьд асуудал гаргасан байна гээд бичиг явууллаа гэж бодъё. Та Ерөнхий сайдын Ажлын албаны дарга байсан. Тэгээд Ховд руу томилогдсон. Таныг томилоход Л.Оюун-Эрдэнийн, улс төрийн нөлөө байсан байх. Тэр лиценз эзэмшиж байгаа компани чинь сахал Д.Эрдэнэбилэгийнх. Энэ зөрчил энэ улсынхаа хөгжлийг нааш цааш нь татчих вий.

-Ирээдүйд бид энэ төслийг явуулаад, байгаль орчноо сүйтгээд, хүмүүсийн эрүүл мэндээр тоглоод хаячихвал яах юм бэ, Амаа барихад хүрвэл яах болж байна вэ?

-Тодорхой хэмжээний судалгаа гарчихсан.

-Ямар судалгаа?

-Портер дүүрэн судалгаа байна гэсэн шүү дээ. УИХ-ын гишүүн худлаа ярих юм уу?

-Би олон улсын судалгааг эшлээд байна. Үнэхээр аюулгүй байдлыг хангасан технологи нь гарсан байвал тэр судалгааг нь хараад л окэй гэнэ шүү дээ. Тийм юм гараагүй байхгүй юу. Яагаад өндөр хөгжилтэй улс орон өөрсдийнхөө газар шороог ухахгүй байгаа юм. Ховор биш. Тэр улс орнуудад ч гэсэн байгаа элемент. Ирээдүйд аюулгүй технологи бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол тийм биш байгаа шүү. Нүүрсээ ухаж байна, алтаа ухаж байгаа. Энэ бүхнээ эхлээд өгөөжтэй болгоё л доо. Дараа нь энэ асуудал руу ороход оройтохгүй шүү дээ.

-Уул уурхай гэхээр л болохгүй бүтэхгүй. Уран болохгүй гэж 30 жил явсан шүү дээ. Танай парламент ураны төслийг дэмжихээр болоод л кноп дараад явуулаа биз дээ. Яг үүнтэй адилхан шийдлийнх нь дагуу явчхаж болохгүй юм болов уу? Үнэхээр хүний эрүүл мэндэд хортой байвал судлаад хэлэлцээд өөрчлөөд явж болох байлгүй дээ. Үнэхээр ашиглахгүй байсан юм бол яах гэж “Алсын хараа 2050” хөтөлбөртөө “Газрын ховор элемент ашиглана” гэж оруулсан юм бэ?

-Хэрвээ стратегийн орд байсан бол арай өөр. Би уг нь бодлогын шийдэл яриад байгаа юм. Хар цагаан гэж харалгүйгээр нэг нэгээр нь мухарлая л даа. Та Баян-Овоогийн орд дээр очоод үз л дээ. Шийдэл хэлээд байгаа, эрсдэл хаах нэг боломж бол стартегийн ордод авах юм. Төр оролцоогүйн зовлонг би мэдэрсэн. Иргэд ирээд гомдоллоход би ямар ч эрх мэдэлгүй байсан. Аж ахуйн нэгж зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эрхэлж байхад оролцох ямар ч эрх байгаагүй. Бид ойлголцох нь чухал. Нэг хэсгээ хөдөөгийн мангарууд юм шиг, нөгөө хэсгээ хотын ухаантнууд юм шиг хандмааргүй байна. Тэр нутаг усанд амьдарч байгаа хүмүүсийн үгийг яагаад тоохгүй байгаа юм бэ? Эрсдэл үүрэх хүмүүс чинь тэд шүү дээ. Нэгэнт асуудал үүсчихвэл тэд хохирох учраас үгээ хэлж байна шүү дээ.

Дэлхийн бүх төсөл дээр нийгэм, байгаль орчны үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг хийхдээ нутгийн иргэдийн үгийг сонсож, хэлэлцээ хийдэг. Заавал байх ёстой асуудал шүү дээ. Монголчууд бидэнд байгалийн баялгийг хэрхэн ашиглах тухай философийн зөрүү гараад байна.

-Эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсмоор байна. Би ч, та ч сайн мэдэхгүй шүү дээ. 17 төрлийн элемент байдаг юм байна. Цацраг идэвхтэй бодисоо лабораторийн аргаар салгаж авдаг юм байна. Ховор гэдэг нь олдохгүйдээ биш, ялгаж салгаж авах процесс нь өөрөө хүнд байдагтай холбоотой юм байна лээ.

-Манай физикийн доктор хүн дүгнэлт хэлж байна лээ. “Газрын ховор элемент, нүүрс хоёр яг ижилхэн цацраг идэвх чанартай” гэж бичсэн байгаа юм. Тэрийг AI -аас асуухаар худлаа байгаа юм. Би эрдэмтэн биш байж болно. Гэхдээ би юм уншиж судлах хэмжээний боловсролтой. Англи хэлээр бага зэргийн мэдээллийг хайгаад олчихно. Би ийм хэмжээний, тийм хэмжээний эрсдэлтэй гэж төсөл дээр гаргаж ирж тавьж чадахгүй ч хийсэн судалгааг уншчхаад ярья гэж байна. Зарим эрдэмтэд яг улстөрчид шиг яриад байна. Зарим компаниас санхүүжилт авчхаад аюулгүй мэт ярьж байгаа нь нууц биш.

Оюутолгой төсөл дээр ч гэсэн хэн хэн ямар төлбөрөөр ямар ажил хийлгэсэн талаар ямар төрийн бус байгууллагуудад мөнгө өгсөн бэ гэдгийг шалгах шаардлагатай. Өнөөдөр хэн ямар зорилгоор дуугараад байгаа гэдгийг шалгахгүй бол болохгүй юм билээ.

-Газрын ховор элементтэй холбоотой асуудлыг яриад дүгнэлтийг нэг талдаа гаргамаар байна. Тэгэхгүй бол нэг хэсэг нь мояа нэр аваад нэг хэсэг нь орчин үежсэн улс болоод үлдээд баймааргүй байгаа юм. Бид 30 жил үргэлжилсэн талцлыг зогсоомоор байна. Үүний төлөө ажиллах хүмүүс нь шинэ залуу үеийн ул төрчид байна байх.

-Сайд нарын ажил шүү дээ.

-Та нар сайд нарыг шахмаар байна.

-Хэн Ерөнхий сайд байхаас үл хамаараад, би шаардлага тавьж, асуудлыг хөндсөөр ирсэн. Уул уурхай, эрдэс баялгийн асуудлаар ч ийм байр сууриа барьсаар ирсэн.

-Нэвтрүүлгийн цаг бага байна. Та Оюутолгойн түр хорооны гишүүн. Асуудалтай танилцсан хүний хувиар асуухад яг ямар зөрчил байгаа талаар мэдээлэл өгөөч. Оюутолгой төслөөс эдийн засагт өгөөж өгч байгаа. Явц дунд ямар алдаа байгаа юм бол. Хамгийн ноцтойгоос нь тодруулж болох уу?

-Парламентын 89 гишүүний дэмжлэгтэйгээр байгуулагдсан түр хороо. Оюутолгойн бүх асуудал руу орохгүй. “Онтрэ”-гийн асуудлыг хөндөхөөс гадна зээлийн хүүгийн асуудлыг ярина.

-Хөрөнгө оруулалтын асуудал сонсголын 2 дахь өдөр яригдахаар товлогдсон харагдсан.

-Зээлийн хүүтэй холбоотойгоор яригдана. Оюутолгойн сонсголын зорилго бол олон нийтэд мэдээлэх. Бид дүгнэлт гаргаад л зөв, буруу гэхгүй. Мэргэжлийн шинжээчдийг томилсон. Тэд мэдээллээ хүргэнэ. Бүгдээрээ асуудлыг ил тод мэдье гэж байгаа юм. Яагаад гэхээр Оюутолгой бол залуучууд бидний хувьд домог мэт асуудал. Холбогддог улстөрчдийн асуудал домогшчихсон байдаг. Тэрнээс болоод юугаа засах ёстой вэ гэдэг асуудал руу ороогүй ч юм шиг. Яг 2009 онд байгуулсан гэрээнээс хойш хэрхэн засаж ирсэн юм бол? Сайжруулах боломж байна гэж бүгд харж байна.

-Зээлийн хүүг 34 хувиасаа гээд л асуудлууд бий шүү дээ.

-Тийм ээ. Манай түр хороо даваа, лхагва, баасан гарагт сонсгол хийнэ. Бүгд цаг заваа гаргаад ажиглаасай гэж хүсэж байгаа. Өмнөх сонсголууд болж байхад би Ховдод байсан. Телевизээр ажиглаж байхад үндсэн асуудлаасаа гажаад, сенсаац руу яваад байх шиг ажиглагдсан. Оюутолгойн сонсголыг тэгж гол сэдвээс нь гажуудуулахгүй явуулах нь чухал. Гол сэдвээс нь гажуудуулах сонирхол ер нь хүмүүст байгаа нь анзаарагдаж байгаа. Зээлийн хүүг л ярихад хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ гэхэд та дунд нь төөрөлдөж байна шүү дээ. Энэ ерөөсөө бид бүгдийн асуудал юм билээ.

2009 оны 10 сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Үүнд ихэнх нь үйл ажиллагааны юмнууд орсон байгаа юм. 20 мянган хувьсагч ярьж байснаа хөрөнгө оруулалтын гэрээг зурчихсан. Яг тэр өдөр нууц дараад хувь нийлүүлэгчдийн гэрээг зурчихсан. Бидний эзэмших хувь, хүүгийн асуудал багтаж байгаа гэрээ. Олон улсад бол хувь нийлүүлэгчдийн гэрээ нь эцэг гэрээ. Хавсралтаар хөрөнгө оруулалтын гэрээ нь ордог. Хоёулаа хувиа тохироод, мөнгө санхүүгээ яриад, төслийг ингэж эзэмшинэ гээд хувь нийлүүлэгчийн гэрээгээ хийчхээд, хавсралт болгоод, хөрөнгө оруулалтын гэрээгээ хийдэг байхад манайд эсрэгээрээ явагдчихсан байгаа юм. Хувь нийлүүлэгчийн гэрээг 2 жилийн дараа нууцаас гаргасан. Тэр үеэс эхлэн 7 жил тутамд зээлийн хүүгээ харилцан ярилцаж буулгаж болно шүү гэдэг заалт байдаг. 7 жил гэхээр 2018 он, 2025 он. Оюутолгой компани “Риотинто” компаниас авсан зээлийн үлдэгдэл 12 тэрбум доллар болсон байгаа. Үүний тэн хагас нь буюу 6 тэрбум нь зээлийн хүү. Өдөрт бид зээлийн хүүндээ 10 тэрбум төгрөг төлөөд байна.

-2018 онд энэ зээлийн хүүг буулгах боломж байсан. Эхлэхдээ ямар ч бүтээн байгуулалт байхгүй байсан. 2 тал зээл авахад хүү өндөр байсан байх. Яагаад 2018 онд энэ хүүг буулгахын төлөө ямар нэгэн зүйл хийсэнгүй вэ? Хэн эс үйлдэхүй үзүүлсэн бэ? Өдөрт 10 тэрбум төгрөг гэдэг их мөнгө шүү.

-Маш их мөнгө.

-Таны аймагтаа зарцуулах гээд байгаа төсөв.

-Жилийн төсөв. Маш их мөнгө. Өнөөдөр бидний төлдөг зээлийн хүү 11,3 хувь. Монголд бизнесийн зээл 20 орчим хувьтай байдаг болохоор энэ нэг их өндөр сонсогдохгүй байж болно. Гэхдээ хүүнээс хүү боддог нийлмэл арга байдаг. Хүүнээс хүү бодоод байгаа учраас төлөх зээлийн хүүг нэмэгдүүлж байгаа. Нөгөө талдаа харьцуулахад Монгол Улсын гадаад улсад гаргадаг бонд 6,5 хувийн хүүтэй. Манай арилжааны банкууд гаднаас мөнгө босгоход 5,7 хувиар зээлийн хүүгээ тооцуулж зээл авдаг.

-Нэг хэсэг сайжирч байсан үзүүлэлтүүд эргээд буурч байна.

-Өнөөдрийн үзүүлэлтийг би ярьж байна. Түүнээс ч илүү ноцтой зүйл байгаа нь “Рио тинто” компани “Онтрэ” компанид 6,7 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн байгаа юм. Яг төслийн асуудал ярьж байгаа шүү. Яагаад Монгол Улсад ингэж өндөр хүүгээр мөнгө зээлүүлж байгаа юм бэ? 2019 онд бид үр өгөөжөө хүртэх ёстой байтал өнөөдөр 2025 онд бид өдөрт 10 тэрбум төгрөг төлсөөр байна. Энэ тоо 2025 оны эхний тоо. 2026 оны эхэн гэхэд бид өдөрт зээлийн хүүнд өдөрт 13 тэрбум төгрөг төлж эхэлнэ. Хүүгээс хүү бодож байгаа учраас нэмэгдээд байгаа юм.

2018 онд яагаад зээлийн хүүг бууруулаагүй вэ гэдгийг сонсголоор хэдүүлээ харцгаая. Тухайн үед хэн ажил хариуцаж байсан юм бэ гэдгийг. Хэн ажлын хэсгийг ахлаад үр дүн гаргаагүй юм бол? Хэрвээ бид энэ түр хороог байгуулаагүй бол энэ он ч гэсэн ингэж л өнгөрөх байсан. Бид “Зээлийн хүүг нь бууруулаач ээ” гэж орилсны эцэст Засгийн газраас ажлын хэсэг гаргасан. Энэ маань бас үр дүнд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Бид бүгдээрээ л харах байх. Оюутолгойг зөв зүйтэй ашиглаад явбал улсад маань ч хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн үгэнд иргэд шууд итгэдэг. Гэтэл тэд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Том төсөл дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаад, цаашаа явах том боломжуудаа бид бүхэн хаагаад сууж байгаа. Монгол өдрөөс өдөрт өрөнд ороод явж байгааг бодолцож байгаасай.

-Лхагва аа! Энэ материалуудыг уншихаар бөөлжис цутгамаар зүйлс их байна. Заримд нь уурлаж орилмоорсанагддаг юмнууд энэ дунд байна. Үүнийг үнэхээр сайжруулчих юмсан. Ямар аймаар биднийг доромжилсон зүйл хийгээ вэ гэж харахаар, гишүүний хувиар анхаарах ёстой. Энэ чинь миний ажил. Үүнийг “Попорч байна” гэж хараад л байх шаардлагагүй. Би ерөөсөө гоё харагдахын төлөө үүнийг хийгээгүй. Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө энэ ажлыг хийж байгаа юм. Оюутолгойн гэрээг засалгүйгээр бид гадаадын хөрөнгө оруулалт гэж ярих хэцүү. Ийм стандарт тогтоосон байна. Гадаадын компани Монголд ирээд, хөрөнгө оруулахдаа мэдээж өмнө нь байгуулсан гэрээ, бичиг баримттай танилцана шүү дээ. “Рио тинто” ч гэсэн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад Монгол Улстай ажиллах ийм шүү, тийм шүү гээд бидний боломжуудыг ч хаагаад байхыг үгүйсгэхгүй. Бид Монгол Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавиад, байгаа бичиг баримтуудад судалгаа хийж, асуудлыг сайжруулахыг оролдох гэж байна. “Онтрэ”-гийн асуудал жижиг биш. “Онтрэ”-д Оюутолгойн бүлэг ордын 32 хувийн нөөцийн лиценз бий. Алтных нь 40 хувь, баялгийнх нь 32 хувь нь бий. Жижиг асуудал биш.

-Миний харснаар “Онтрэ” компанитай ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой юм билээ. Сая намрын чуулганаар УИХ бараг хууль баталсангүй. Хэрэв Төсвийн хуулийг батлах хугацаа байгаагүй бол батлахгүй ч байсан байж магадгүй. Ардын намд энэ намар өрнөсөн улс төр улс орныг сүйрүүлэх шахлаа. Сая болж өнгөрсөн үйл явцыг юу гэж харж байна вэ?

-Парламентын ардчилал өрнөж байгаагийн л нэг жишээ. Бид ард түмний төлөөлөл. Биднийг ажилд авдаг хүмүүс нь ард түмэн. Ажлаа сайн хийгээгүй сайд нарт УИХ хариуцлага ярих ёстой. Намрын улс төрийн хамгийн том сэдэв нь Засгийн газар огцрох байсан байх гэж бодоод ийм зүйл ярьж байна.

-Намрын улс төрийн том зүйл нь намын дарга  байсан л даа. Та нөгөө талаас нь ярьчих шиг боллоо.

-Нөгөө талаас нь ярьж болж байна. Би парламентын гишүүний хувиар ярьж байгаа шүү. Засгийн газрыг огцруулахыг парламентын гишүүдийн олонх нь дэмжсэн. Парламентын засаглал бол уг нь олонхын шийдвэрээр явах зарчимтай. ҮХЦ-ээс шийдвэр гарсан. Цөөнхийн дэмжлэгтэй Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Манай намын битгий хэл Ардчилсан намын зарим гишүүн ч энэ Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой гэдэг байр суурьтайгаар кнопоо дарсан. Энэ бол нэг намын асуудал биш, Монгол Улсын Засгийн газрын асуудал байсан.

-Парламент ажилласан. Би үүнтэй 100 хувь санал нийлнэ. 126 гишүүнтэй парламент бүрдсэн нь ч зөв болсон. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах гэдэг 2 зүйл явж байгаа байхгүй юу. Парламент ажиллаж байж, Үндсэн хууль ажиллаж байж, процесс явагдсан. Үндсэн хуулийн зөрчил байсан уу? Цэцийн гаргасан дүгнэлттэй та хувь гишүүний хувьд санал нийлж байгаа юу?

-Би энэ асуудалд хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Парламент үндсэн эрх үүргээ эдэлж, олонх нь шийдвэрээ гаргасан асуудал байсан. Түүнд процессын алдаатай шийдвэрийг ҮХЦ гаргасан. Саяхан ҮХЦ Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт дээр ч их сонин шийдвэр гаргачихлаа шүү дээ. “Хүн гүтгэж болно. Энэ бол гэмт хэрэг биш ээ” гэдэг шийдвэр гаргалаа. Энэ мэтчилэн ҮХЦ-ийг яривал яриа дуусахгүй байх.

-Танай нам дотоод ардчилалгүй байгаагаа, эрх мэдлийн төлөө үхэн хатан зодолдсоноо парламентын зовлон болгосон шүү дээ. Нам дээрээ шийдэж болох л асуудал байсан биз дээ. Харин ч та бүхнийг, танай намыг парламент аварлаа.

-Би өөрөө парламентын гишүүн л дээ. Улс төрийн нам парламентын бүрэлдэхүүн хэсэг. Парламентын засаглалтай учраас нам парламентынхаа доор ажиллах учиртай. Нам өөрөө тодорхой хэмжээнд дотоод ардчилалтай. Бүгд нэг үзэл баримтлалтай хүмүүс биш. Өөр өөр байр суурьтай. Сөргөлдөнө, өөр өөр үзэл бодлоо илэрхийлнэ.

-Танай намын дарга Н.Учрал боллоо. Танай намд ноднин шинэ шинэ хүмүүс их орж ирлээ. Энэ хүмүүсийн тухай Н.Учрал “Тооноор орж ирсэн хүмүүс халтай байна. Мерит зарчмаар явж байгаа хүмүүстээ илүү боломж олгоно” гэж ярьсан. Муухайгаар хэлэхэд та тэр тооноор орж ирсэн хүмүүсийнх нь нэг шүү дээ.

-Улс төрийн соёлоор бол тооноор орж ирнэ гэдэг нь намын анхан шатны байгууллагуудад эхнээс нь ажиллаад, бүх шат дамжлагыг туулсан хүмүүсийг муугаар бол цүнх баригч, сайнаар бол мерит зарчмаар шат дараатай явж байгаа гэж хэлдэг. Улс төрийн намд олон төрлийн боловсон хүчин байх ёстой. Мэргэшсэн, намынхаа институтыг бэхжүүлсэн, шат дараагаар нь өгссөн боловсон хүчин байна. Магадгүй над шиг олон улсад ажиллаж байгаад, уригдаад, улс төрийн намд үзэл санаагаар нэгдээд орж ирсэн хүн байж болно.

Ер нь нийгмийнхээ толь байх ёстой. Тэр олон талыг харуулах ёстой. Бидний үндсэн зорилт чинь сонгуульд ялах биш. Энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө байдаг. Тэр үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн сонгуульд өрсөлдөж тэр бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө сонгуулийн ялалт байгуулахын төлөө зорьдог. Бидэнд харах өнцгийн маш том зөрүү байна.

Түрүүн та ах нарын тухай яриад байсан. Зарим ах нарын Монгол Улсаа хөгжүүлэх, хэрхэн хөгжүүлэх тухай үзэл баримтлалтай миний санаа бодол зөрж байна. Мэдээж монгол хүний уужуу ухаанаар хандаад, бидэнд зааж зөвлөөд явдаг бол өөр хэрэг. Бид ойлгоно. Гэтэл заримынх нь шуналыг бид битгий хэл, энэ Монгол Улс дийлэхээргүй байна шүү дээ. Үүний эсрэг бид дуугарах ёстой биз дээ. Нэг нам гээд хаагаад зогсож болохгүй биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Асуудлууд шийдэгдсэний дараа ахиад ярилцах боломж гарах байх.

-Нэвтрүүлэгтээ урьж чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосонд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *