Оюутын ордын судалгаа анх 1970-аад онд эхэлж, 1990 оны ШУТЗ-ийн шийдвэрээр 42 сая тонн хүдэрт 0.4 хувийн зэсийн дундаж агуулгатай, 166 мянган тонн металл зэсийн нөөцтэй гэж тогтоож байжээ. Харин 2023–2025 онд орчин үеийн олон улсын стандартад нийцсэн иж бүрэн хайгуул хийснээр энэхүү мэдээлэл үндсээрээ шинэчлэгдэв.
Талбайн геологийн зураглал, геохими, геофизик (цахилгаан, соронзон, магнетотеллур), суваг малтлага, далд нэвтрэлт, өрөмдлөг, гидрогеологи, хүдрийн технологийн туршилтууд, эрдэслэг бүрэлдэхүүний судалгаа зэрэг цогц ажил хийсэн байна. Мөн элсний нөөцийн үнэлгээ, байгаль орчны тандан судалгаа, палеонтологи, археологийн авран хамгаалах малтлага зэрэг нь “хариуцлагатай хайгуул”-ын зарчмыг бүрэн хангажээ.
Нарийвчилсан хайгуулын үр дүнд 900 метр урт, 550 метр өргөн, 800 метрээс илүү гүнд үргэлжлэх хүдрийн биетийг 96 цооногоор 60х60 метрийн торлолоор нягтруулан нийт 49.2 мянган тууш метр өрөмджээ. Үүний дүнд 0.32% зэсийн агуулгатай 357 сая тонн хүдэр, түүнээс 1.1 сая тонн металл зэсийн “бодитой” (B) зэрэглэлийн нөөц тогтоогдсон нь өмнөх тогтоолын дүнд харьцуулахад хүдрийн хэмжээ 8.5 дахин өссөн дүн юм.
Энэ нөөц дээр үндэслэсэн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т дор хаяж 600 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтойг харуулж байгаа бөгөөд улсын эдийн засагт оруулах бодит хувь нэмэр асар өндөр гэж Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцоллоо. Ийнхүү “Эрдэнэтийн-Овоо”-ны Оюут ордыг ашиглалтад бэлтгэх стратегийн ач холбогдолтой томоохон ажил амжилттай дуусаж, үйлдвэрийн цаашдын хөгжлийн шинэ шат нээгдлээ.
