Т.Харчу: Зурах авьяастай залуусыг Монголдоо үлдээсэй гэж хүсдэг


Ширээний болон машины арт хийдэг Монгол дахь цор ганц зураач Т.Харчутай ярилцлаа

-Өдрийн мэнд. Чиний хувьд хэрхэн зурах урлагтай түүхээ холбов?

-Би 4 настайгаасаа эхлэн зурж эхэлсэн. Ширээ болон машины арт зурахыг би Америкт сурсан. Энэ төрлийн зургийг костм арт гэдэг.  Би ердөө 15 минутын зөвлөгөө аваад түүнийгээ 22 цагийн дотор туршиж, сурч байсан.  Ээж маань багш, түүний хажуугаар хүний эрхийн байгууллагад ажиллаж байсан учраас багаасаа их энэрэнгүй хүүхэд болж өссөн. Их даруу төлөв, зурах дуртай нэгэн болж төлөвшсөн.

– Чиний бүтээл их өвөрмөц санагдлаа. Ер нь бусад зураачдаас ялгарах онцлог нь юу вэ. Мөн чи зурахын тулд их бясалгадаг уу?

-Би ихэвчлэн хана, ширээ мөн машин дээр зурдаг. Ширээ болон машины арт хийдгээрээ Монголдоо цор ганц уран бүтээлч. Бүтээлээ дахин давтагдашгүй урлахын тулд ганцаараа нам гүм чимээгүй орчинд маш их зүйл боддог. Ингээд бодсоны эцэст сайхан цэгцтэй бүтээл туурвидаг юм.

Сошиал хаягаараа дамжуулж бусдад туршлага болохуйц мэдээлэл өгч байгаа харагддаг. Үүний зорилго нь юу вэ?

– Би өөрийнхөө уран бүтээлийн хаягаар дамжуулж томчууд болон хүүхдүүдэд урам зориг өгөхийг хичээдэг. Өөрийн мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцаж, нэг ч гэсэн хүн миний зурах авьяасаас суралцаж бусдад болон өөртөө урам зориг бэлэглээсэй гэж хүсдэг. Би төвтэй биш бид гэх зарчмыг баримталдаг.  Монгол залуус гадагшаа явж ажиллах нь түгээмэл. Магадгүй тэдний дунд зурах авьяастай нэгэн байгаа бол миний бичлэгийг үзээд Монголдоо үлдээсэй. Өөрийн авьяасаа өнгөлж, түүгээрээ ашиг олоосой.

Монголын нөхцөлд зураг зураад амьдрахад боломжийн байж чадах уу. Нууц биш бол урлангаасаа хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?

– Хүн өөрийгөө бүрэн дайчилж чадвал зураг зураад амьдрах боломжтой. Би хоёр сард 3.8 сая төгрөгийн ашигтай ажилладаг. Орлогоосоо хүмүүнлэгийн ажил хийнэ. Түрээсийн байр, тог цахилгаан, амьтдынхаа хоол гэх мэт зүйлд зарцуулдаг. Би энэ авьяасаа зөвхөн өөртөө биш өрөөлтэй хуваалцдаг. Тухайлбал, Би маш олон эвент зохион байгуулдаг. Эвентэд оролцсон хүүхдүүд томчууд зураг зурахын гайхамшгийг мэдэрч, биширч өөрсдийн зурсан зурагаа хараад өөрсдөдөө ч итгэдэггүй юм.  

-Хүмүүсийн дунд уран зургийг үнэлэх  үнэлэмж ямар байдаг юм. Худалдан авалтын талаар дурдвал…

-Уран зургийг ойлгодог хүмүүс олон. Гэхдээ авч чаддаггүй хүмүүс бий. Би тийм хүмүүст зургаа бэлэглэчихдэг. Нэг удаа дагагч нарынхаа дунд зураг бэлэглэх лайв явуулсан. Тэгээд миний анхны бэлэглэсэн зураг 3 настай хүүхэдтэй айлд очиж байсан. Гэрийн эзэд үнэхээр гоё бүтээл. Ийм зурагтай болохыг хүссэн  гээд уулга алдаж байсан. Тэр бүтээл очих ёстой эзэндээ очсон гэж боддог. Хүмүүс миний бүтээлийг хараад баярлахад дараагийн бүтээлээ туурвих эрч хүч бий болж байдаг. Зураач байх ийм  л сайхан. 

-Ширээний болон машины артаас хамгийн сэтгэлд үлдсэн бүтээлүүдээс дурдвал…

-Жүжигчин Ундармаа эгчид өөрийнх нь тоглосон “Single ladies-3” киноны дүрийг нь ширээний артаар урлаж өгч байсан. Ундармаа эгч  бүр маш их гайхаж хүлээж авсан. Харин машины арт гэвэл нэг ах хүүдээ машинаа өвлүүлж байгаа гээд Бар, Хангарди зуруулж байсан удаатай.  Анх машин дээр зурахдаа айж байсан. Хүний машиныг аль ч үгүй болгочих вий гэхээс. Тэгээд 7 хоногийн дараа маш сайхан бүтээл төрсөн. 

-Хүмүүс ер нь машин дээрээ ихэвчлэн юу зуруулахыг хүсдэг вэ. Ямар загварын автомашинтай хүмүүс ханддаг вэ?

– Ихэвчлэн байгаль зуруулах хүмүүс их ханддаг. Ер нь  ганган спорт машины жолооч нар гэхээс илүүтэй том тээврийн машины жолооч нар Монгол орныхоо байгалийг, мал ахуйг  зуруулахаар ханддаг. Гэхдээ миний хувьд ачааны автомашин дээр зурж байсан түүх байхгүй. Зуруулахаар хандсан хүмүүст машиныг нь агуулах газар байхгүй тул зун зурж өгье гэдэг. Харин хэд хэдэн жижиг автомашин дээр зурж байсан. Гэтэл цагдаа зогсоогоод байна гээд зарим нь арилгасан байсан.

-Бүтээлээ хэдий хэр хугацаанд гараас гаргадаг вэ?

-Хүмүүс шууд 2-3 хоногт эсвэл нэг хоногт зураад өг гэдэг. Зурах тийм амар ажил биш. Хамгийн багадаа нэг зургийн зурахдаа 5 хоног зарцуудаг. Өнгө, дизайн, хэв маяг гээд  мөн олон таталбар зурахаас эхлээд ажиллагаа их. Яг код бичиж байгаа юм шиг ажилладаг. Гэтэл зарим хүмүүс зургийг наачихдаг юм шиг ханддаг. Ер нь зурж эхэлснээсээ хойш 200 гаруй бүтээлийг эзэнтэй болгосон.

-Одоо 12-р сард зургийн захиалга ихтэй байна уу?

-Энэ сард би зургийн захиалга авахгүй.

-Яагаад тэр вэ?

– “Шидэт өнгө” тоглолтоо хийх гэж байгаа. Би саяхан нэг эвентэд оролцоход 6 настай хүүхэд ахаа та хүүхдүүдийн дунд зургийн өдөрлөг зохион байгуулаач гэсэн. Тиймээс би “Шидэт өнгө” тоглолтыг хийхээр болсон. Орлогоороо би зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг баярлуулна. Амьдралын нөхцлөөс шалтгаалж амьдралын сайхан өнгийг таньж мэдээгүй олон хүүхэд бий. Тэдэнд нэг удаа ч гэсэн гэрэл түгээхийг хүссэн. Тоглолтод минь оролцох инфлүюсерүүдэд нээлттэй. Хамтрач ажиллаж болно.

Та урлангаасаа олсон ашигаа ер нь энэ мэтчилэн хүмүүнлэгийн ажилд зарцуулдаг уу. Гэртээ олон нохой, мууртай юм. Тэднийг мөн амьтны асрах төвөөс авч байв уу?

-Тийм би улиралд нэг удаа амьтан асрах төвүүдээр очиж тусалдаг. Мөн тэднээс авах эзэн олдохгүй хөөрхийлөлтэй амьтдыг авч асардаг. Би одоогоор хоёр муур, нэг хулгана, гурван нохойтой. Тэдний дунд аутизмтай муур хүртэл бий. Тэр зүгээр байж байгаад хойшоо гэдийгээд уначихдаг. Маш өрөвдөлтэй. Түүнийг авах хүн олдоогүй учраас авсан. Эзэндээ зодуулаад хаягдсан нохой ч бий. Банни ба түүний нөхөд ТББ-аас би нэг нохой авсан. Тэр байнга хөнжилд орж унтдаг. Магадгүй маш их зодуулж  байсан байх.

Эдгээр амьтдыг үлдсэн насанд нь бага ч гэсэн аз жаргалтай байлгах гэж авч тэжээсэн.  Урлангаасаа олсон мөнгөө тэгээд тэднийхээ хоолонд зарцуулна.

– Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурдвал…

-Өөрийн гэсэн сургалттай болно гэсэн зорилго тавьсан байна. 

-Ярилцсанд баярлалаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *