Улаанбаатар хотын сурагчдыг өнгөрсөн 7 долоо хоногоос цахимаар хичээллүүлж эхэлсэн. Үндсэндээ энэ нь ханиад, томууны тархалтыг бууруулах зорилготой.
Тэгвэл 1-5 дугаар ангийн сурагчдад цахим хичэээл үр дүнтэй байсан эсэх, мөн тэд цахим хичээлд хэрхэн хамрагдсан талаар нийслэлийн ерөнхий боловсролын 13-р сургуулиас сурвалжиллаа. 7 хоногийн турш хичээлдээ ирээгүй сурагчид анги хамт олноо, багшийгаа санасан талаар ам уралдана. Тэдний хувьд цахимаар биш танхимаар хичээллэх нь илүү сайхан байдгийг дурдсан юм. Цахим долоо хоногийн дараа танхимаар хичээллэж буй бага ангийн сурагчдын ирц 100 хувь байгаа аж.
13-р сургуулийн 5е ангийн тухайд өнгөрсөн долоо хоногийн цахимд хичээлд 80 орчим хувьтай хамрагджээ. Ингэхдээ 1, 3, 5 дахь өдөр цахимаар буюу “google meet” хичээл орсон бол 4, 5 дахид теле хичээл орсон гэнэ.
Тухайн анги 39 сурагчтай. Үүнээс 10 нь цахим хичээлдээ хамрагдаагүй байна.
Сурагчдын төлөөлөл….
-Өнгөрсөн 7 хоногт аав, ээжтэйгээ гадуур гарч, хүнс цуглуулсан. Цахим хичээлдээ орох гэсэн боловч интернэт гацчихсан. Дараа нь ангийн группээс мэдээлэл авч, хичээлээ нөхсөн. Ер нь цахим хичээл хийхэд хүндрэлтэй. Ердөө төвлөрч чаддаггүй юм.
-Цахим хичээлийн цагаар дүү унтдаггүй. Тэр гурван настай. Ханиад хүрээд цэцэрлэгтээ яваагүй тул аав, ээжийг байхгүйд би харсан. Цахим хичээл орох үед тэр хашхирдаг. Дуу нь цуурайтаад, хичээл хийхэд маш хүндрэлтэй байсан учраас би цахим хичээлээсээ гарчихсан юм. Дараа нь нөхөж хийсэн.
-Би дугуйлантай байдаг учраас цахим хичээлийн цаг давхцаад хичээлдээ сууж чадаагүй. Тиймээс цахим хичээл надад үр дүнгүй.
Сурагчид цахим хичээлийн талаар ийн тайлбарласан юм.
“Дэвших болон төгсөх ангийнхныг цахимаар хичээллүүлэх шаардлагагүй”
Харин цахим хичээлийн талаар анги удирдсан багш нар ийн ярив.

13-р сургуулийн бага ангийн багш Б.Отгончимэг “Цахим хичээл хийж чаддаг хүүхдэд үр дүнтэй. Гэхдээ ямар үед хичээлийг цахимд шилжүүлэх вэ гэдэг нь чухал. Чухал биш үед цахимд шилжүүлж байгаа нь төгсөх болон дэвших ангийн сурагчдад хүндрэлтэй. Манай ангийн сурагчид хичээлийн агуулгаас хоцорч байгаа. Саяхан багш нарын ажил хаялт гээд хүүхдүүд үр дүнгүй олон хоног амарчихсан. Гэтэл цахимд шилжүүллээ. Энэ нь оновчтой шийдвэр бол биш. Энэ үеэр багш нар даалгавар өгдөг ч бүх эцэг эх хүүхдүүддээ анхаардаггүй. Цахим хичээл орохдоо бид шинэ хичээл үздэггүй. Хуучин хичээлүүдээ бататгадаг. Цахимаар шинэ хичээл үзвэл хүүхдүүдийн тал хувь нь л ойлгодог” гэв.
Г.Ариунхишиг 13-р сургуулийн бага ангийн багш
“Манай анги 35 хүүхэдтэй. Нэг хүүхэд гадаад явсан гэх шалтгаанаар цахим хичээлд хамрагдаагүй. Маш сайн ойлголт өгөхийн тулд цахимаар үзсэн хичээлээ өнөөдөр ч давтаж байна” гэлээ.

Цахим хичээлийг явуулахад ямар бэрхшээл тулгардаг талаар сурагчдын дунд хийсэн судалгаанаас үзвэл
Интернэтийн хурд удаан-47.4%
Гэр бүлийн орчин дуу чимээтэй-31.3%
Камергүй-15.2%
Компьютергүй-4.7%
Чихэвчгүй -1.4% гэх шалтгаантай байна.

