Оюутолгойн сонсгол “Нялх Сэнгүм”-үүдийн PR-аа өсгөх шат биш байгаасай


Монгол Улс “Рио тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулж, төлж буй зээлийнхээ хүүг бууруулах алтан боломж тохиосон цаг мөч үргэлжилж байна. Уг нь Оюутолгойн сонсголыг энэ үед парламентаас зохион байгуулж байгаа нь гэрээг ахин сайжруулах алтан боломжийг бүрдүүлж, талууд ойлголтоо нэгтгэн, илүү сайн ойлголцох гарц болно гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм.

Олон нийт ч үүнд ихээхэн найдлага тавьж байна. Сонсголоор Оюутолгойн өрийг багасгах, зээлийн хүүг бууруулах, ашиг хүртэж эхлэх хугацааг наашуулах гээд эн тэргүүнд авч үзэх, заавал ямар нэгэн байдлаар Монгол Улсад ашигтай шийдэл гаргах учиртай. Гэвч энэ сонсгол монголчуудад гэрээний нөхцөлөө сайжруулах боломж олгох биш, поп улстөрчдийн “томрох” талбар болж дуусах вий гэдэг болгоомжлол олон нийтийн дунд үүслээ.

Олон улсын бизнесийн зах зээлд томоохон тоглогч гэдгээрээ алдартай “Рио тинто” компани болоод “Оюутолгой” компанитай бид хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа сонсголд ирсэн тус компанийн удирдлагуудтай хүндэтгэлтэй хандах учиртай. Гэтэл сонсголын эхний өдрийн байдлаар энэ хүндэтгэл тун ч бага харагдаж байна. Сонсгол нэрээр хөрөнгө оруулагчдыг Төрийн ордонд дуудан авчраад, ээлжилж загнасан, зандарсан парламентын гишүүдийн зан характер олон улсын тавцанд Монгол Улсыг муухай харагдуулж байна.

УИХ-аас өмнө нь зохион байгуулж байсан сонсголуудаас чухам ямар үр дүн гарсан бэ. Өнөө хэр асуулттай байгааг бодож үзвэл энэ удаагийн сонсгол поп улстөрчдийн пиар болоод дуусах вий гэдэг хардлагыг улам бататгаж байгааг нуух аргагүй. Сонсголоос ямар үр дүн гарсан бэ гэдгийг эргэн харвал хүлээлт үүсгэсэн шигээ үр дүн авчирсан сонсгол зохион байгуулаагүй гэж хэлж болно.

Яг энэ мөрөөр Оюутолгойн сонсгол попрох тавцан хайсан “Нялх Сэнгүүм”-үүдийн хүн загнах талбар болчих вий. Ийм ч байгаа нь ажиглагдаж эхэлсэн нь тун харамсалтай.

Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төслийн нэг болох Оюутолгойгоос бид ашиг хүртэх үү, эсвэл үгүй юү гэдгийг шийдэх сонсгол ахиад 2 өдөр үргэлжилнэ. Оюутолгойн сонсголыг ганц Монголын ард түмнээр тогтохгүй манай улсыг сонирхогч гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаж байгааг сануулъя.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *