Сонгинохайрхан уул тарвагатай. Энэ уул руу мацахдаа дошин дээрээ тарвага цогнойн хошхирохыг чагнан, цэцэгсийн зураг авч, Улаанбаатар хот саарал тоосон дундаа сүүмийхийг хардаг юм. 5 жилийн өмнө Сонгинохайрхан уулын зүүн бэлийг техникээр ухаж, уул давуулан цахилгааны шон босгон, баруунтайгаас өндөр хүчдэл татаж эхлэхэд нь өнөө хэдэн тарвагандаа санаа зовж явлаа. Гэтэл энд газар ухаж, хашаа барин, шон босгож байхдаа Монголын мянганы сорилтын сан энэ хэдэн тарваганд надаас илүү санаа тавьжээ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулж эхлэх үед Сонгинохайрхан ууланд 51 тарвага байсан бол одоо 188 болж, үржжээ. Энэ амьтныг үргээж дайжуулахгүй, устгахгүй, тоог нь 51-ээс бууруулахгүйгээр үйлдвэр байгуулахыг Монголын мянганы сорилтын сангаас АНУ-ын Мянганы сорилтын корпорац шаарджээ. Хэрвээ тарвага 51-ээс цөөрвөл уг үйлдвэрийн ажлыг зогсоох ч мэдэхээр байсан гэнэ. Хаа холын Америк тив дэх нэгэн улс Азийн нэг ууланд нутагладаг тарваганд санаа тавьж, үйлдвэр барихдаа байгаль сүйтгэхгүй байхыг шаардсан нь надад маш таатай сонсогдов.
Шаардлага ийм л байх учиртай. Хүн өөрийнхөө төлөө байгалийг ашиглаж болох ч хэнийг ч, юуг ч хохироож болохгүй. Ердөө л энэ. Монголын мянганы сорилтын сан уг шаардлагыг биелүүлж, биологич Б.Батсайхантай хамтран тарваганд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нарийн төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрээс гарах дуу чимээ, доргилтыг бууруулах зорилгоор 50 метр урт, 2 метр өндөр шороон далан барьсан байна. Тарвага идээшлэх цагаар хүнд машин, механизм ажиллуулахгүй байх горим нэвтрүүлжээ. Энэ бүхний үр дүнд тарвага тааваараа тарвалзаж, 2021 онд 8 дош байсан бол 2025 онд нийт 28 дош бий болжээ.
Цахилгааны шон дээр шувуу үргээгч 550-ыг суурилуулж, 11 мянган бургас тарьсан гээд бүтээн байгуулахдаа байгаль хамгаалах ажлаа хамт хийжээ.

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР 99.5%-ИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВНА
АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсад 3 тусдаа төслөөс бүрдэх нэгэн цогц төсөл хэрэгжүүлж байна. Эхнийх нь 99.5%-ийн гүйцэтгэлтэй яваа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр. Бикомбинатад гүний 14, Шувуунфабрикт 16 худаг гарган, олборлосон усаа Сонгинохайрхан уулын бэл дэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт урвуу осмосын аргаар сайтар цэвэршүүлж, 55 км шугамаар Улаанбаатар хотын цэвэр усны сүлжээнд нийлүүлнэ. ММСС-гийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэлийн танилцуулснаар одоо энэ үйлдвэрээ турших, техник, технологио тохируулах л үлджээ.
Урвуу осмос гэдэг нь хүний 1 ширхэг үсийг 700 мянга хуваасантай тэнцэх нарийн сүвэрхэг шүүлтүүрт усыг өндөр даралтаар шахан, эрдэсжилтгүй, цэвэр ус гарган авах технологи юм. Олон улсад түгээмэл ашигладаг энэ аргыг манай улс анх удаа хэрэглэх гэж байна. Усанд ууссан бохирдол, бактери, вирүсийг хүртэл энэ аргаар уснаас бүрэн шүүдэг ажээ. Энэ технологийг НАСА сансрын хөлгүүддээ ашигладаг. Гүний цэвэр усгүй улсууд далайн усыг урвуу осмосын аргаар шүүж, ундандаа хэрэглэдэг.

ХАЯГДАЛ УС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН УСЫГ ДЦС-УУДАД НИЙЛҮҮЛНЭ
2 дахь төслийн хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж байна. Уг үйлдвэрийн бүх ажлын 97.3%-ийг бэлэн болгожээ. Үүнийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай 11 км шугам хоолойгоор холбоно. Төв цэвэрлэх байгууламжийн саарал усыг энд цэвэршүүлж, Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.
Энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улс анх удаа ДЦС-д саарал ус ашигладаг болох юм. Одоо манай ДЦС-ууд жилд дунджаар 22 сая шоо метр цэвэр усаар цамхаг хөргөн, үнсээ зайлуулж байна. Хайран байгаа биз. Тэгвэл Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлвэл өдөрт 50 мянган шоо метр саарал усыг цэвэршүүлэн, ДЦС-уудад нийлүүлэх юм.
Үүний үр дүнд өдөр бүр 50 мянга, жилд 18 сая шоо метр цэвэр ус газрын гүндээ үлднэ. ДЦС-уудын хэрэглэдэг усны 85%-ийг саарал усаар сольж, ийм хэмжээний усыг ундандаа авч үлдэх юм.
ДЦС-д хэрэглэдэг усыг технологийн, техникийн гэж ангилдаг. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт цэвэрлэсэн усыг “ДЦС 3”, “ДЦС 4”-т техникийн зориулалтаар ашиглах аж. Үүнийг цамхаг хөргөх, үнсний сан угаах, гал унтраах зэрэгт хэрэглэнэ. Харин дулаан үйлдвэрлэхэд хэрэг болдог технологийн усандаа гүний цэвэр ус ашигладаг хэвээрээ байх ажээ.

УСУГ-ЫН АЖИЛТНУУДЫГ НЕДАРЛАНДАД СУРГАЖЭЭ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026.03.31-нд бүрэн ашиглалтад оруулж, УСУГ-т хүлээлгэж өгнө. Орчин үеийн технологиор байгуулсан эдгээр үйлдвэрийг УСУГ-ын ажиллагсад технологийн дагуу ажиллуулж чаддаг байх учиртай. Тиймээс ММСС 3 дахь төслөө үүнд чиглүүлжээ.
Энэ талаар ММСС-гийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “УСУГ-ын үйл ажиллагааг Олон улсын усны ассоциацын аргачлалаар үнэлсэн. Уг үнэлгээнд тулгуурлан, УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудыг Недарланд улсад сургалаа. Гэр хороололд байрлалтай цэвэр усны шугамд холбосон ус түгээх 180 гаруй худгийг 24 цагийн ажиллагаатай болгосон. Үүнтэй нийлээд 331 худаг 24 цаг ажиллаж байна. Өмнө нь худаг бүрийг 1 хүн ажиллуулдаг байсан бол одоо 3 худгийг 1 хүн хариуцан, өвөл мөсийг нь цэвэрлэх, харж хамгаалах ажил хийж байна” гэж танилцууллаа.
Үүний зэрэгцээ Монгол Улсын усны нөөц, ус ашиглахтай холбоотой бүх мэдээллийг нэг системд нэгтэн, ewater.mn систем бий болгож байна.

Энэ бүхнийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын санхүүжилттэй компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй. ММСС-гийн Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг “АНУ-ын Мянганы сорилтын сангийн 1 дэх компакт гэрээг 2008-2013 онд хэрэгжүүлэхдээ 16 сая ам.доллар буцааж хураалгасан юм. Хугацаандаа ажлаа хийж амжихгүй бол гэрээ дуусмагц зарцуулаагүй үлдсэн мөнгийг буцаагаад татчихдаг. 2 дахь компакт гэрээнээс мөнгө буцааж хураалгахгүйн тулд бид маш их хичээж байна. Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад ковид гарч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. 2023, 2024 оны зун үерт гүний худгууд автсан. Дайн гарсны улмаас Израилын компани нутаг буцсан гэх мэт маш олон бэрхшээл тулгарсан.
2004 оноос хойш АНУ-ын Мянганы сорилтын сан 50 улсад 19 тэрбум ам.долларын 82 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүн дунд 2 дахь компакт гэрээгээ байгуулсан улс манайхаас өөр байхгүй. Энэ бол том амжилт. 2023 он гэхэд Улаанбаатар хотын цэвэр усны эрэлт, нийлүүлэлт тэнцэнэ гэсэн судалгаанд тулгуурлан энэ төслийг хэрэгжүүлэхээр сонгосон юм” гэж сонирхууллаа.
Дээрх багц төслийг хэрэгжүүлэхэд дотоодын 100 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахад 4 компани үндсэн гүйцэтгэгчээр ажилласны 2 нь Монголынх. Уг багц төсөлд 8092 хүн ажилласны олонх нь монголчууд. Ийн монголчууд, Монгол Улс мега төсөл хэрэгжүүлж, 3 сарын дараа ашиглалтад оруулах гэж байна.
