19 яам 36 сайдтай болж, 100 ямаанд 60 ухна тавьсан даруйдаа Г.Занданшатар огцорч мэдэх эрсдэлтэй нүүр туллаа. Зунжин, намаржин элдэв эрсдэлтэй тулгарч, арайхийж даван туулсаар яваа түүнд дахин нэг нүх ухсан хүмүүс нь М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гээд хөвөрч байна. Засгийн газрын тэргүүнээр нь үлдээснийхээ шанд тэд Г.Занданшатарт дэд сайд шахав. Шахааны дэдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг түншиж үзье.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭД САЙДУУД
УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад, дэд сайдын албан тушаалд томилогдож буй хүн ганц байгаа нь Г.Ганболд. 2012-2016 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, дараагийн 4 жилд нь засаг дарга, тэгээд УИХ-ын гишүүн болсон. 2024 оны УИХ-ын сонгуулиар хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшээд ялагдсаны дараа түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөрөө авсан юм. Тэр их л дээрээс дэмжлэгтэйгээр дэд сайд болж байна.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба бол Ерөнхийлөгчийн хүн. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд эвлэлдэн нэгдэж, 2019 оны 3-р сард Монгол цэргийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан. У.Хүрэлсүх уг холбооны тэргүүнээр ажиллаж байгаад, УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа 2020 оны 7-р сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Энэ үеэс У.Хүрэлсүх, Д.Баасандамба нар танил болжээ. 2020 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга, 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч болоход нь Ерөнхийлөгчийн дэмжлэг нөлөөлсөн гэнэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод түүнийг 2023-2025 онд Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхөөрөө авчээ.
Дэд сайд болж буй эрхмүүдийн дунд 2 дахь удаагаа энэ албанд томилогдож буй 2 хүн байна. Г.Амартүвшин Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү, үе дамжсан дипломатч. Ерөнхийлөгч Тамгын газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдсон. 2022 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Одоо дахин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр дэд сайд болж байна.
16 дэд сайд дунд эмэгтэй дэд сайд 3 бий. Тэдний 1 нь Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин. Шүдний их эмч мэргэжилтэй энэ бүсгүйг Эрүүл мэндийн өмнөх сайдын хүн гэх мэдээлэл байна. Гэхдээ түүнийг дэд сайдаар тавихад Ерөнхийлөгч тусалсан гэнэ. 2015-2016 онд АШУҮИС-д туслах судлаач, 2019-2024 онд Нүүр, ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад, 2024 онд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд болоход нь ЭМЯ-нд ажиллаж байжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭД САЙДУУД
ХЗДХ-ийн дэд сайд байсан Б.Солонго Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз. 2020 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, дэргэдээ авсан. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа “Рио тинто” компанитай холбоотой асуудлаар “Оюутолгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, олонд танигдсан. Засгийн газраас санаачилсан “Шүгэл” ажиллагаанд хотын дарга Х.Нямбаатартай хоршиж ажилласан хүний нэг. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод, Б.Солонгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон юм.
С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход нь зөвлөхөөр нь ажиллаж байсан С.Далхаасүрэн Эрчим хүчний дэд сайд боллоо. 2020 оны УИХ-ын сонгуулиар С.Чинзориг түүнийг улс төрд оруулахаар зүтгүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, Засгийн газрын худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан. Түүнийг 2020 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар Д.Тогтохсүрэн томилж байлаа.
Түүнийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гээд квот олдоогүй юм байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татвал оронд нь С.Далхаасүрэн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн тухай сураг гарч байв. Гэвч тийм юм болоогүй. Тиймээс түүнийг дэд сайд болгож байгаа аж. С.Далхаасүрэн одоо Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Анх ТӨХ-ны дарга Д.Сугарын татаасаар улс төрд хөлж тавьж, дараа нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгээр явж ирсэн гэдэг.
М.ЭНХБОЛДЫН ДЭД САЙДУУД
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав аль 6-р сард л дэд сайд болохоор гүйж явсан хүн. “Монгол групп”-ийн ерөнхийлөгч, “Чоко” баарны эзэн, Монгол Улсын манлай уяач, Төв аймгийн Баян сумын харьяат. Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү Богдхээр азарганы эзэн, “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн “Төв-Азарганууд” багийн эзэн гээд гушин ихтэй хүн юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай морины нэг уяаны найз. Б.Нямжавыг дэд сайд болгохоор М.Энхболд түлхэж, Я.Содбаатар дэмнэж, Б.Энхбаяр дэмжсэн гэнэ.
М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь 10 тэрбум төгрөгөөр ивээн тэтгэсэн. Дараа нь төрөөр мөнгөө төлүүлсэн гэсэн шуугиан дэгдэж байсан удаатай. Үүнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тусалсан гэх юм билээ.
2014 оноос МАН-ын дарга М.Энхболдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Даваасүрэнг УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосноор 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон ч 2019 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнийгээ улс төрд бугшсан бусармаг явдал, улс төр, төрийн албанд бугшсан гажуудалтай холбон тайлбарласан юм. Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор СЗХ, Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохоо тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэний дараа С.Даваасүрэн өөрөө ажлаа өгсөн.
Тэр үед Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байтал М.Энхболдын талынхан хариуд нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт ч бас хариуцлага тооцохыг шаардаж, “Засгийн газрыг огцруулах ёстой. Саарал жагсаалтад орсон нь ЗГ муу ажилласных” хэмээн У.Хүрэлсүхийг сүрдүүлж байлаа. Гэсэн ч С.Даваасүрэн ажлаа өгч, 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан өрсөлдсөн ч сонгогдоогүй.
Ийн нэгэн цагт хариуцлага тооцон огцруулсан хүнээ Г.Занданшатар одоо танхимдаа дэд сайдын суудалд урьсан нь сонин. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын гал гарсан “тулаан”-ы үеэр М.Энхболд, У.Хүрэлсүх нар сүрхий дотноссон нь ийм учиртай байжээ.
Нэгэн цагт Монголын улс төрөөс нэр муутайгаар жийгдсэн М.Энхболд эдүгээ эргээд үнэд оров. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025.09.02-нд БНХАУ-ын Хөбэй мужид байрлах Жанчхүүгийн даваанд очиж, Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөхдөө М.Энхболд, Сү.Батболд нарыг дагуулан явсан. Мөн Тяньжинд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч тэднийг дагуулж явсан юм.
2008 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран, М.Энхболдыг огцруулж байлаа. Харин өнгөрсөн намар Г.Занданшатарыг аврахын тулд У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр нэгдсэн. М.Энхболдын үзүүлсэн дэмжлэгийн хариуд 2 хүнийг нь дэд сайд болгож, ач хариуллаа. Энэ бүх үйл явдал М.Энхболдыг Монголын улс төрд эргэж ирснийг харуулж байна.
Г.ЗАНДАНШАТАРЫН ДЭД САЙДУУД
ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Засгийн газрыг огцрох аюулаас авралцсан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнийг Г.Занданшатар ХЗДХ-ийн дэд сайд болголоо. Тэр С.Баяр, Сү.Батболд нарын үед ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт референт, газрын дарга, Су.Батболд, Д.Сумъяабазар нарыг нийслэлийн засаг дарга байхад ахлах зөвлөхөөр нь ажиллажээ. 2023-2024 онд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх байв. Б.Энхбаярыг сайдын суудлаа алдмагц түүнийг Г.Занданшатар дэргэдээ авч, 2025 оны 6 дугаар сараас ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилсон юм. Одоо тэр Б.Энхбаярынхаа дэргэд дэд сайдаар очиж байна.
2001-2006 онд Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуульд сурч байсан Б.Хулан Сангийн дэд сайд боллоо. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Б.Жавхлан сайд түүнийг ЗГХЭГ, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөхөөр ажиллуулж байгаад, дараа нь Ажлын албандаа Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөхөөр авчээ.
Баянхонгорынх гэдгээрээ Ерөнхий сайд Г.Занданшатартай нутаг нэг Б.Энхтүвшин Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд болов. Тэр татварын байгууллагад олон жил ажиллаж, Улаанбаатар хотод удаан амьдарч байгаад, 2017 онд “Буянт богд трейд” ХХК-иа байгуулан, Баянхонгор аймгаа бараадаж, аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, аймгийн Шагайн харвааны холбооны тэргүүн болжээ.
Н.УЧРАЛЫН ДЭД САЙДУУД
МИАТ компанийг 9.6 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан хэмээн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг нь Засгийн газар 11-р сарын 28-нд халсан. Хариуцлага тооцож халсан хүнээ Г.Занданшатар 12-р сарын 17-нд БОУАӨ-ийн дэд сайдаар томилж, олны нүдийг орой дээр нь гаргав. Халагдсаныхаа дараа “Аж ахуйн ажлаас хөндийрч, бодлогын түвшинд ажиллах үүднээс МИАТ-ын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөгдөх хүсэлтээ сарын өмнө ТУЗ-д өгсөн. Өөр ажлын санал ирсэн” хэмээн том дуугарсан юм даг.
Дэд сайд болгох гээд МИАТ-ын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн болж таарав. Тэгвэл яах гэж алдагдал, хариуцлага ярьж, нэрийг нь шавартай хутгасан нь сонин. Г.Занданшатар түүнийг дэд сайд болгох сонирхолгүй байсан ч хэн нэгний нөлөөгөөр аргагүй байдалд орсон юм болов уу даа.
Түүнийг шахаанд оруулсан хүн нь Н.Учрал аж. УИХ-ын дарга болонгуутаа Н.Учрал өөрийн хүнээ дэд сайд болгов. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Н.Учралыг ажиллаж байхад Б.Мөнхтамир дэд нь байлаа. Н.Учрал УИХ-ын гишүүнээр сонгогдоод, 2017 онд Б.Мөнхтамирыг МИАТ компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тавьсан байна. Н.Учралыг дахин сонгогдож, байнгын хорооны дарга болоход нь Б.Мөнхтамир МИАТ-ын гүйцэтгэх захирал болжээ.
УИХ-ын даргаар крандуулж, дэд сайд болсон дараагийн хүн нь Г.Дашням. “Jet” скүүтэрийн эзэн гэгдгээр нь залуус түүнийг эчнээ мэднэ. 2024 онд УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшсэн ч Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгээгүй. Сонгуулийн компанит ажлын үеэр олон нийтийн сүлжээгээр агсарсан түүнийг УИХ-ын дарга Н.Учрал хүчээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд болголоо. 2021 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүнээр сонгогдож, 2022-2024 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэд нөхөрлөсөн аж. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөх хүртэл хийж явсан.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү 2020-2025 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба, Хэвлэл мэдээллийн газрын даргаар ажиллаж байв. Дэд сайд болохынхоо өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 29-рт эрэмбэлэгдээд, аз нь дутсан горилогч. 2014 онд байгуулсан “Bat Solution Partners” компаниар нь түүнийг зарим нь мэднэ.
ИЗНН-ЫН ДЭД САЙД
2024 оноос УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан С.Энхболд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд болов. Тэд олон жил нөхөрлөж яваа найзууд. Гадаад томилолтод хамт явдаг сурагтай. Б.Батбаатарыг сайд болсноос нь хойш найз С.Энхболд нь бизнестэй холбоотой асуудлыг нь зохицуулдаг болсон гэдэг.
Яагаад ч юм бэ, Г.Занданшатар ИЗНН-д дэд сайдын 1 квот өгсөн атлаа түүнийгээ дэргэдээ авахыг нь зөвшөөрсөнгүй. ИЗНН-ын дэд сайдыг ХББОСЯ-нд аваачаад тавьчихсан нь сонин. С.Энхболдыг нэг ёсондоо Э.Бат-Амгалан сайдын хяналтад илгээж байгаа юм уу даа.
ХҮН-ЫН ДЭД САЙД
Нийслэлийн Баянзүрх дүүргээс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, 2020-2024 онд П.Наранбаяр, П.Ганзориг нартайгаа хамт ажилласан, ХҮН-ын Төлөөлөх зөвлөлийн гишүүн Д.Гантулга Боловсролын дэд сайд болов. Тэр 2024 оноос П.Наранбаярыг Боловсролын сайдаар томилогдоход нь зөвлөхөөр нь ажиллажээ. Д.Гантулга саяхан хуралдсан ХҮН-ын Төлөөлөх зөвлөлийн хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэр өмнө нь 2015 онд уг албан тушаалд сонгогдон, 2020 он хүртэл ажилласан байна. ИЗНН-аас ялгаатай нь ХҮН-ын дэд сайд намынхаа сайдтай хамт ажиллах нь.
