Э.Хоролням: Гэрээсээ ажиллаж, 30 хоногт 10 гаруй сая төгрөг цуглуулсан


Эерэг харилцаа, хандлагаараа бусдыг татсан “Би ээж” группийн админ Э. Хороннямтай ярилцлаа.

-Чиний хувьд “30 хоногт 3 сая” челленжийг саяхан эхлүүлж байсан. Зорилгодоо хүрч, машинаа авахаар гэр бүлээрээ хотод ирсэн байна. Сэтгэгдэл ямар байна?

-Үнэхээр итгэж чадахгүй байна. Би энэ удаагийн челленжийн зорилгоо хэд дахин давуулан биелүүлсэн. 30 хоногт 3 сая төгрөг цуглуулах ёстой ч 10 гаруй сая төгрөг цуглуулчихлаа. Зорилготой хүн зогсдоггүй гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээсэн.

-Челлежийнхээ зорилгыг биелүүлэхийн тулд юу юу хийв?

-Сумандаа сайхан амьдрах боломж байдгийг энэ челленжээсээ харж байна. Өвөрхангай аймгийн Уянга сум миний төрсөн нутаг. Нөхөр бид хоёр сумандаа ирж амьдраад, багагүй хугацаа өнгөрлөө. Энэ челленжээрээ дамжуулж, залуучууд заавал хотыг зорихгүйгээр чаддаг зүйлээ хийгээд, орон нутагтаа сайхан амьдрах боломжтойг ойлгуулахыг хичээсэн. Челленжээ хийхийн тулд эхлээд өөрийнхөө чаддаг зүйлийг тодорхойлсон. Би 10 жилд сурч байхдаа гар утсаараа эвлүүлэг хийж сурсан. Түүнийхээ ачаар цахим урилга, мэндчилгээ зэргийг хийж мөнгө олж байна.

Челленжийн орлогын 70 орчим хувийг би цахим урилга, сургалтаас олдог. Тэгээд сумандаа цэцэгт мэндчилгээ, хүргэлт хийнэ. Би нөхөртэйгөө зүгээр суудаггүй юм. Бид энэ удаад машинтай болохыг зорьсон тул хамтдаа хичээсэн. Манай хадам аав уяач. Нөхөр яг л аавын хөдөлмөрч занг дуурайсан. Тэр өв тээгч. Сураар хазаар, ногт, морины бүхий л хэрэгсэл, дурангийн гэр, бүс, тэлээ зэргийг урладаг. Бидний өссөн орчин адил малчин, хөдөөний амьдрал. Ахуйн ажил, амьдралын хэмнэл ижил тул мал маллах ахуй соёлоо өвлөж, өдөр тутмын амьдралдаа шингээж явна. Энэ удаад бид зорилго нэгтэй байсан тул нөхөр ч бас хувь нэмрээ оруулсан.

-Цагаан сараас өмнө машинтай болно гэж ярьж байсан. Гэтэл энэ зорилгоо ганцхан сарын дотор биелүүлчихлээ, тийм үү…

-Манай нөхөр уурхайд ээлжийн ажил хийдэг. 14 хоног гэр бүлээсээ хол байх хугацаанд нь сэтгэл санааг нь дэмжиж, урам зориг өгч, нөхөртөө дэм болох гэж энэ челленжийг эхлүүлсэн. Бид Цагаан сараас өмнө машинтай болохыг зорьсон. Гэтэл Шинэ жилээс өмнө машинтай боллоо.

Энэ удаагийн челленжийнхээ 3 сая төгрөгийг есөн хоногт цуглуулж, 30 хоногт 10 орчим сая төгрөг цуглуулсан байгаа юм.

Та хоёр маш сайн ойлголцдог, бас нэгнийгээ их дэмждэг шиг санагдсан…

-Бид хоёр их сайн ярилцдаг. Өдөр бүр бие биедээ гоё сайхан үг хэлдэг. Ер нь хосууддаа хандаж хэлэхэд, гоё сайхан үгээ нэгэндээ харамгүй хэлж байгаарай.

Нөхөр намайг байнга л гоё, хөөрхөн, хичээнгүй гэж урамшуулдаг. Ер нь гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд маш их сэтгэлээр унадаг. Энэ үед нөхрүүд мэдрэмжтэй байх нь чухал. Ээж байх маш гоё. Ээж болж, гэртээ үртэйгээ хамт өнгөрөөх хэсэгхэн хугацаанд төвөгшөөж, сэтгэлээр унахгүйгээр аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй.

-Чиний хувьд челленжийг хийхдээ ихэвчлэн гар утас ашиглаж байх шиг харагдсан. Тухайлбал: Урилга хийнэ, цэцэгт мэндчилгээ гэх мэт…

-Ер нь тийм. Би энэ челенжийг эхлүүлэхийн тулд эхлээд өөрөө юу чадах вэ гэдгээ тодорхойлсон. Би 10 жилдээ эвлүүлэг хийж сурсан. Үүгээр мөнгө олох боломж байгаа гэж бодоод, захиалга авч эхэлсэн. Онлайн урилга хийлгэх хүмүүс гэхэд санаснаас олон байсан. Би илтгэгч мэргэжилтэй. Магадгүй энэ челленжийг хийхэд миний эзэмшсэн мэргэжил нөлөөлсөн. Маш сайн ярьж, хүмүүсийг татаж байгаа нь мэргэжилтэй минь салшгүй холбоотой.

-Цаашид хот суурин бараадаж амьдрах талаар ер бодож байв уу?

-Үгүй. Өөр өөрсдийнхөө чаддаг зүйлийг хийгээд, хөдөө, сумандаа сайхан амьдарна. Ер нь хотод амьдрах хэцүү гэдгийг энд ирсэн 2 хоногийн хугацаанд хангалттай мэдэрч байна.

Челленжээр нь дамжуулж, чамайг олон хүн таньдаг боллоо. Хамтарч ажиллах, мөн бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулах санал их ирдэг үү?

-Цөөнгүй санал ирдэг. Бараагаа сурталчлуулах хүсэлтэй хүмүүсийн ихэнх нь гэр ахуйн бараа зардаг. Мөн гэртээ хүүхдээ хардаг ээжүүд жижиг бизнес хийдэг. Түүнийгээ сурталчлуулахаар ханддаг. Зарим нь надаас үлгэрлэж челленж эхлүүлсэн ээжүүд ч бий. 

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд орлого олох боломж нь цахим урилга байх. Энэ сургалтыг сонирхох ээжүүд хэр олон байна?

-Цахим урилгын сургалт эрэлттэй. Сургалт сонирхогчдын ихэнх нь гэртээ хүүхдээ хардаг ээжүүд. Сургалтад хамрагдсан хүмүүсээ би урамшуулж, сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Нэг талаараа сургалтаар дамжуулж, мөнгө олоод байгаа хэдий ч нөгөө талаараа ээжүүдэд гоё мэдрэмж үлдээхийг хүсдэг. Энэ сургалтаа явуулахаар нийгэмтэй ойрхон болчихсон мэт санагддаг. Бид чинь групп чатандаа амьдралынхаа бүхий л зүйлийг хуваалцана. “Өдөр яаж өнгөрөв” гээд эхэлнэ.

-Сайны хажуугаар саар гэдэг шиг хэцүү хандлагатай хүмүүстэй цөөнгүй таардаг талаар чи ярьж байсан шүү дээ. Ер нь тийм хүмүүс хэр олон бэ?

-Нэг удаа ахимаг насны эгч чатаар холбогдоод “Чи яаж мөнгө олж байна. Заагаад өгөөч” гэсэн. Тэр хүнд би сургалт танилцуулсан чинь намайг шуналтай, үнэтэй сургалт орлоо гээд загнасан. Миний сургалт ердөө 25 мянган төгрөг. Мөн хугацаагүй. Хэзээ ч үзэх боломжтой. Ийм хямдхан сургалтыг үзээд, өөртөө хөрөнгө оруулалт хийхээс төвөгшөөж байгаа ийм хүмүүст юу хэлэх вэ дээ гэж боддог. 

-Өглөө бүр босоод групптээ рийл оруулдаг. Өмнөх өдрүүдийнхээ рийлийн үр дүнг хараад ямар мэдрэмж авдаг вэ?

-Би анх дагагчгүй пэйж нээн, рийл хийгээд өглөө босоод харахад 10 мянган дагагчтай болчихсон байсан. Ер нь намайг дэмжиж, үздэг хүмүүс олширч байгаад баярладаг. Одоо 40 мянган дагагчтай болсон.

-“Би ээж” группийг нээгээд багагүй хугацаа өнгөрч, олон ч дагагчтай болж. Энэ группийг хэд хэдэн зорилгоор нээсэн байх. Энэ талаар дурдаач…

-Би төрчхөөд гэртээ байх хугацаандаа гутрах мэдрэмж авч байсан. Ингээд гэртээ байгаа ээж нарт урам зориг өгөх зорилгоор “Би ээж” группээ нээсэн. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж авдаг. Тийм учраас ээжүүдийг тийм мэдрэмжээс ангид байлгаж, жаргал зовлонгоо хуваалцах зорилгоор пэйжээ нээсэн. Бидэнд ярих хэрэгцээ маш их байдгийг групп рүү чат бичдэг ээжүүдээс харагддаг.

Хамгийн наад зах нь хийсвэрээр төрсөн ээжүүд бусдын хэл амнаас маш их эмээж, сэтгэлээр унадаг юм байна лээ. “Гэдсийг минь хүмүүс хараад их шүүмжилдэг. Яах уу” гэж асуудаг хүмүүс бий. Энэ мэтчилэн хүмүүсийн үгэнд гомдсон ээж олон. Тийм учраас хүмүүс аль болох нэгнийгээ элдэвлэхгүй, эерэг байгаасай гэж хүсдэг. Энэ группээрээ дамжуулж, эмэгтэйчүүдийн нэгнийгээ ойлгож, ээж байх тэр хугацаанд нэгэндээ муу муухай үг бүү хэлээсэй гэж уриалдаг. Ер нь байгаа газраа гэрэл асаадаг тийм хүн байгаарай гэж захидаг даа. Мөн нэг л мэдэхэд хүүхэд гараас гарах учраас ээжүүд хамгийн жаргалтай ажлыг хийж байгаа гэж бодоод төвөгшөөхгүй байгаасай.

 -“Би ээж” группээ цаашид хэрхэн хөгжүүлье гэж бодож байгаа вэ?

-Гэр бүл, ээж, залуучууддаа зориулж, эергээр нөлөөлөх контент хийж хөгжүүлэхээр зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *