Өнгөрсөн 7 хоногийн улс төрийн анхаарал татсан гол үйл явдал Оюутолгойн хянан шалгах сонсгол байсан. Тэгвэл сонсголын үр дүнг чуулганаар хэлэлцэж тогтоолын төсөл боловсруулсны дараа танилцуулна гэдгээ түр хороог санаачлагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдэгдээд байгаа юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны асуудлыг хэлэлцсэн ч хариуцсан байнгын хороогоор хэлэлцүүлж санал дүгнэлт боловсруулуулж тогтоолын төсөл гаргах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн түр хороонд нь буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зүгээс түр хорооны тогтоол, шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн, шийдвэрийг илүү нарийвчлах, тодорхой дурдах шаардлагатайг мэдэгдсэн юм. Тэгэхээр Оюутолгойн хянан шалгах сонсголын талаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл боловсруулах ажил ирэх 7 хоногт Эдийн засгийн байнгын хороогоор өрнөхөөр болж байна.
Нэмж тодруулахад энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр Засгийн газрын зүгээс зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулж, төлбөрийг орлого, үр дүнд суурилдаг байх талд ажиллаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм.
