УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд асан С.Амарсайхан нар ажлаа өгснөөсөө хойш чуулганы нэгдсэн хуралдаанд огт суусангүй. МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бүгдээрээ өвчтэй, гачигдал зовлон тохиолдсон” гэдгээс өөр тайлбар өгч чадахгүй сууна.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын их хурлаас хойш Төрийн ордонд үзэгдээгүй. Ажилдаа ирээгүй шалтгааныг нь чөлөөтэй хэмээн ирцийн мэдээнд дурдсан байна. Харин УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг эмнэлгийн чөлөөтэй хэмээн бүртгэсээр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд гачигдал гарсан хэмээн бүлгийн даргаасаа чөлөө авсан гэнэ. Шадар сайдын ажлаа өгснөөсөө хойш С.Амарсайхан чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа ч байнгын хорооны хуралд тогтмол оролцдог хэмээн эрх баригч намын бүлгийн дарга өмөөрөөд байна.
Хамгийн сонирхолтой нь байнгын хорооны хурлын ирцийг нийтэд мэдээлдэггүй учраас сэтгүүлчдэд нягтлах боломж байдаггүй билээ.
