Дэд сайд “заавал” хэрэгтэй юу?


Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө парламентын гишүүн биш хэдий ч танхимаа УИХ-аас бүрдүүлсэн. Гэтэл түүний танхимын сайд нарын ажил амжихгүй байна гэдэг шалтгаанаар дэд сайд нарыг томилж сайд нарын тоог даруй 16-аар нэмээд байна. Тэгвэл дэд сайд нарын томилгоо Монгол улсад өнөөдөр хэрэгтэй эсэх талаар хуульчид харилцан адилгүй байр суурьтай байгаа юм. Хэдийгээр “давхар дээл”-тэй сайд нар байх хуулийн боломжийг Үндсэн хуулиар олгосон ч тэр боломжийг дүүртэл ашиглах ёстой гэсэн гаргалгаа байхгүй билээ. Энэ асуудлаар хэн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг:

-Дэд сайд нар өчигдрөөс ажилдаа орлоо. Сайд нарын ажил амжихгүй байна гэдэг шалтгаанаар дэд сайдын орон тоог нэмэлтээр үүсгэлээ. Үнэхээр сайдын ажил нь амжихгүй байгаа бол УИХ-ын гишүүнээр сайд хийлгэх шаардлага байгаа юу гэдэг асуулт төрөөд байгаа юм?

-Засаглал хуваах онолоор бол Засгийн газар, парламент хоёр бие биенээ хянах зохицуулалттай систем юм. Нийлээд явчих юм бол парламентын хяналт суларчихна гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглалтай улс орны хувьд хүртэл Ерөнхийлөгч засгийн газрын үйл ажиллагаанд ордоггүй шүү дээ. Тус тусдаа явах ёстой. Сайд нарын зүгээс дэд сайдтай болж байгаагаа ажил амждаггүй учраас дэд сайд хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна лээ. УИХ-ын гишүүн байх, сайд байх гэдэг чинь аль аль нь маш том ажил. Энэ хоёр том ажлыг нэгэн зэрэг хашихаар амжихгүй байгаа юм байна. Амжихгүй гэдэг үгийн цаад логикийг ухвал ажлаа хийж чадахгүй байгаа тухай ойлголт гараад байгаа юм.

Тэгвэл дэд сайдгүй байх үед засгийн газрын ажил уначихсан болж таарч байна шүү дээ. Өмнө нь бид дэд сайдтай болоод л дэд сайдгүй болгоод л явж ирсэн олон жишээ байгаа. Тэгвэл яамдын Төрийн нарийн бичгийн дарга юу хийдэг болж таарч байна вэ?

Салбарын яамдын газрын дарга нар, мэргэжилтнүүд юу хийдэг хэрэг вэ? Салбар бүрт мэргэжлийн агентлагууд байгаа. Тэр газрууд сайдгүй болохоороо ажлаа хийдэггүй болж байна уу? Дэд сайд томилсон Засгийн газрын шийдвэр Монгол улс “дарга” улс болсныг харуулж байгаа нэг жишээ болж байна уу гэж харж байна. Сайд ажлаа амжихгүй байна гэдэг чинь бодлого тодорхойлох, улс төрийн дэмжлэг хүлээх ажилдаа анхаарал хандуулахын оронд тэнд байгаа цэвэрлэгчийн ажилд очиж санаа тавихгүй бол болохгүй байна гэсэн үг. Нэг мэргэжилтний ажлыг очиж заахгүй бол ажил нь явдаггүй гэсэн үг болж таарч байна.

-Сайд бодлогоо тодорхойлоод, тухайн салбарын төрийн нарийн бичгийн дарга нь салбарынхаа ажлыг базаад явдаг гэж ойлгодог юм?

-Магадгүй төрийн нарийн бичгийн дарга нь итгэл даадаггүй юм болов уу? Шийдвэр гаргах чадваргүй болохоор нь УИХ-ын гишүүн сайд нь очиж заавал оролцох шаардлагатай юм болов уу даа. Дэд сайдтай болж байгаа нь сайд нар хариуцах ажлаа хуваах байх.

Тэгвэл дэд сайдын хариуцсан ажил унавал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь анхаарал татаад байна. Дэд сайдаараа туг тахих юм уу эсвэл сайд нь дэд сайдынхаа өмнөөс улс төрийн хариуцлага хүлээх юм уу?

гээд хариуцлагын ойлгомжгүй нөхцөл үүсгээд байгаа юм биш үү?

-Үндсэн хуулинд засгийн газрын гишүүдийн 4-өөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг заалт байсныг авчихсан болохоор хуулийн хүрээнд бүх сайд нар гишүүн байж болж байгаа. Та энэ зохицуулалтын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүдээс засгийн газрын танхимыг бүрдүүлнэ гэж заагаагүй. Тэгэхээр парламентаас сайд нарыг томилно гэж бичээгүй учраас хуулийн хүрээнд боломжтой гэж харж болохгүй юм. Тэгвэл хуулиар хориглоогүй юм чинь болно гээд дэд сайд нараа хүртэл УИХ-ын гишүүдээс томилчихъё л доо. Бүүр зөвлөхүүдээ ч гэсэн их хурлаас сонгоод “мини парламент” үүсгэнэ гэж үзэх болж байна уу? Засаглал хуваах онолыг дэлхий нийтээрээ бодоод, ахмад хуульчид маань илэрхийлээд Үндсэн хуульд шингээчихсэн байгааг бид бодолцох учиртай. Засгийн газар танхимаа парламентаас бүрдүүлээд л байвал их хурлын хяналтын чиг үүрэг алдагдана.

УИХ-ын гишүүн, хуульч С.Эрдэнэболд:

-Одоогийн Засгийн газар танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлснээс болоод сайд нарын ажил амжихгүй болохоор дэд сайдууд томилчихов уу?

-Засгийн газрын бүтэц 100 хувь парламентаас бүрдээгүй шүү дээ. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Тиймээс 100 хувь биш гэж ойлгож болно. Зарчмын хувьд 76 гишүүнтэй парламент байх үед буюу 1992 оноос 2024 он хүртэлх 8 парламент 76 гишүүнтэй байсан. 76 гишүүнтэй парламентын 1/3 нь сайд болчхоор парламент засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо нь хумигдмал болчихдог тал бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмдэг шалтгаануудын нэг нь засгийн газар бүх сайд нараа их хурлаас томиллоо ч гэсэн энэ нь парламентын хяналт тавих эрх бололцоонд нөлөөлөхгүй гэдэг үндэслэлтэй. Хуулийн хүрээнд Ерөнхий сайд их хурлын гишүүдээс сайд нараа томилох нь бүрэн нээлттэй. Парламентын гишүүн биш хүнийг ч сайдаар томилох боломжтой. Ерөнхий сайдын зүгээс харвал парламентаас танхимаа бүрдүүлж байгаа шалтгаан нь их хурал дээр бодлогоо авч гарах гэсэн санаа болов уу. Үүнийг нь хуулиар хориглоогүй учраас бололцоотой гэсэн үг. Дан дээлтэй буюу их хурлын гишүүн биш сайд нартай байхаар засгийн газрын бодлого дэмжигддэггүй гэсэн практик яригддаг. Гэхдээ үүнийг судалгаагаар нотлоогүй.

-Дэд сайд нэмж байгаа шалтгаанаа УИХ-ын гишүүний ажлын хажуугаар сайдын ажил амжихгүй байгаатай холбож тайлбарлаад байна л даа?

-Энэ бол яг гол шалтгаан, гол аргумент биш гэж харж байна. Бид ямар нүдээ аничихсан байгаа биш дээ. Дэлхий дахиныг харахад дан сайд бий, давхар дээлтэй сайд ч бий. Ихэнх тохиолдолд бидний нэрлэдгээр “давхар дээлтэй” сайд нар ажилладаг. Сайд, гишүүний ажлыг давхар хийх нь тухайн хүний өөрийн ажлын төлөвлөлттэй холбоотой болов уу. Түүнээс Үндсэн хуулийн зохицуулалтад эргэлзэх хэмжээний аргумент биш гэж харж байна.

-Тэгвэл Ерөнхий сайд парламентаас илүү их дэмжлэгтэй байхын тулд, мөн хуулиар хориглоогүй гэдэг үндэслэлээр дэд сайд нараа ч гэсэн их хурлаас томилж болох юм биш үү?

-Монголын улс төрийн жишгээр бол парламентаас дэд сайд томилж байсан жишиг байхгүй. Харин Герман тэргүүтэй зарим улсад парламентын гишүүн мөртөө дэд сайд хийж байдаг жишиг бий. Гэхдээ ийм жишиг Монгол улсад тохиромжгүй. Дэд сайд үндсэн сайдаасаа үүрэг авч ажиллана. Гэтэл парламентын гишүүн сайд нарын ажилд хяналт тавих үүрэгтэй. Хяналт тэнцэл алдагдана. Ерөнхий сайдаас гадна 20 сайд нь парламентаас томилогдоно, дээр нь дэд сайд нар нь бас их хурлаас томилогдчихвол парламентаас 40 сайд томилчхоор засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих хөшүүрэг ахиад алдагдана гэсэн үг. Их хурлын 76 гишүүний тоог 126 болгосны үр дүн гарахгүй. Тиймээс манай улсад парламентын гишүүд дэд сайд болдог жишиг тохирохгүй.

-Та хуульч хүний хувьд Үндсэн хуулиас “давхар дээлийг” хязгаарлах хөшүүргийг авч хаясныг хэрхэн дүгнэдэг вэ?

-2000 оны дордуулсан 7 гэдгээс эхлээд Үндсэн хуульд гар хүрэх олон удаагийн шалтгаан нь энэ “давхар дээл”-тэй сайд байх уу үгүй юу гэдэг зохицуулалт байсан. Монгол улсын их хурал гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих гэдэг агуулгаараа Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг бүрдүүлэх бололцоог уян хатан байгаа чигээр нь үлдээсэн нь зөв гэж үздэг. Одоо бол нээлттэй буюу уян хатан байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрх нь нээлттэй. Тухайн Ерөнхий сайдын улс төрийн эрх зориг, шийдвэр гаргах хурд, тухайн ажлыг ямар хугацаанд явуулах гэж байгаа гээд асуудал янз бүр байж болно. Харин би яамдын тоог хязгаарлах шаардлагатай гэж үздэг. 20 яамтай, 30 яамтай байх нь манай улсад ахадна. Орон нутгийн агентлагууд, нийслэлийн засаг даргын тамгын газраас хийчихэж болох ажилд яам, сайд ямар ч хэрэггүй. Улс төрийн хувьд тогтвортой байлгахын тулд, парламентын гишүүдийн нэг хэсгийн чихийг зөөлхөн байлгахын тулд л сайдын суудлын тоог нэмж үйлдвэрлээд байгаа. Эрх зүйн хувьд аль ч Ерөнхий сайд танхимаа парламентаас бүрдүүлэх үү эсвэл парламентын гаднаас бүрдүүлэх үү гэдэг нь тухайн гүйцэтгэх засаглалын тэргүүний өөрийн эрх мэдэл.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *