Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр /2025.12.19/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллалаа.
Энэ үеэр Усны газрын дарга Н.Батбаяр үйл ажиллагааны үндсэн зорилт болох “333 нуур-Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, усны менежмент, тэр дундаа усны нөөцийг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, нуур сэргээх арга замаар нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал, хүний эрхийг хангах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Мөн 2025 онд Ганга, Өгий, Эрээн нууруудыг сэргээх ажил амжилттай хэрэгжиж байгааг онцолсон. Цаашид эдгээр төслийг “Нуур хамгаалах Монгол загвар” буюу олон улсын жишиг төсөл болгон өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нуурыг элсний нүүдлээс хамгаалах, хог хаягдлаас сэргийлэх, эх болсон цутгал голуудыг хамгаалах зэрэг цогц арга хэмжээг багтаасан тогтолцоо хэлбэрээр боловсруулж байгаа юм.
Дэд сайд Б.Мөнхтамир Усны газарт ажиллах үеэрээ салбарын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулж, усны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, дэмжлэг үзүүлэх, цаашид энэ чиглэлийн оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
