Шатахууны хомсдол шагийн наймаачдыг МАГНАТ болгох нь


Манай улс шатахууны хомсдолд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Цаг сайхан болно, бензин удахгүй ирнэ гэж дээр дооргүй бие биедээ итгэж хүлээсээр өнөөдөртэй золгож байна. Өнгөрсөн намраас эхлээд л хэд хэдэн удаа шатахуун тасалдан, нийслэлчүүд бүгдээрээ ШТС бараадаж, балгахан бензиний төлөө өглөөнөөс орой хүртэл тасралтгүй дугаарлалаа. Энэ нөхцөл байдал одоо ч үргэлжилсээр. Амьдралынхаа хамаг цагийг замын түгжрэл, бензиний оочир хоёрт үрсээр хэзээ нь ажил, амьдралаа зохицуулах ёстойгоо ч мэдэхгүй байна гэхэд буруудахгүй.

Цаг үе хэцүү, шатахуун ч олдохгүй байгаа энэ үед чоно борооноор гэгчээр шагийн наймаачид л БЕНЗИНИЙ МАГНАТ болоод байна шүү.

Нэг литрийг нь 7,000 төгрөгөөр худалдах юм гэнэ. Тэр ч бүү хэл хүргэлттэй гэж байгаа. Бас л хүргэлтийн 5,000 төгрөг төлж байж, 2 дахин үнэтэй бензин худалдаж авах юм байна.

Аргаа барсан үед авч болох ч бодит үнээсээ даруй 2 дахин их өртөгтэй бензинийг хэн худалдаж авах вэ. Ашиг хонжоо олох гээд амандаа орсон үнээ хэлэх нь цөөхөн хэдэн монголчууд бидний хүн чанарыг хаана явааг илтгэх байх. Угтаа бид энэ хүнд, хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, хамтдаа гарц шийдэл хайх хэрэгтэй ч нөхцөл байдал ийм байгаад харамсмаар.

Нэгэн цагт ковидын үед архи, согтууруулах ундаа шаглаж байсан бол өнөөдөр бензин шаглаж байна гэхээр манай монголчууд ямар ч үед юуг ч шаглах чадвартай нь харагдаж байх шиг. Бүхэл бүтэн ШТС-уудад ч бензин ирэхгүй байхад шагчид яаж бензинтэй байгаа юм бол.

Угтаа газрын тосны бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдан борлуулбал хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Зөрчлийн хуульд ч үүнийг тод томруун тусгасан байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 7.14.3.3:
Газрын тосны жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Бүр хоёрхон долоо хоногийн өмнө цахим орчинд нэг литр бензинийг 5500 төгрөгөөр шаглан зарж байсан 23 настай залууг цагдаагийн байгууллага шалгахад, хамаарал бүхий хүнийхээ ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан борлуулж байжээ. Энэ мэт жишээ олон байгаа тул шатахууны хомсдол үүсгэж, таньдаг мэддэг хүнээрээ дамжуулан их хэмжээгээр худалдан авч, амин хувиа бодож, бас ШТС-уудын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байхыг нийт монголчуудаасаа хүсье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *