Төрийн ордны гадна иргэд шатахууны асуудал болон дэд сайд нарын томилгоо, мөн цалин тэтгэврийн асуудлаар жагсаж, УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр нэгэн жагсагч дараах байр суурийг илэрхийллээ.
“Би Монгол Улсын иргэн. Биднийг бусад улс орон шиг сайхан амьдруулаад өг гэж хүсээгүй. Харин бид амьд явахыг л хүссэн. Олсон орлогынхоо тал хувийг татварт өгчхөөд, ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан машинаа унаад явъя гэхээр бензин байдаггүй. Өнөөдөр Монгол Улсад хоёр ажил амжуулах ямар ч боломж байхгүй. Үнэхээр гомдож байна.
Ард иргэд бид татварынхаа асуудлыг шийдээд өгөөч гэж олон жил гуйсан ч шийдэж өгөхгүй хэрнэ, ганц, хоёрхон өдөр хуралдаад л дэд сайд нараа томилчихдог. Бүтэн жилийн хугацаанд дэд сайдгүйгээр ажиллаж, амьдраад болсон байхад яагаад ийм хүнд хэцүү цаг үед дэд сайд нарыг томилоод байгаа юм бэ.
Сайд нь дэд сайдтай, дэд сайд нь туслахтай, туслах нь туслахтай. Бүгд жолоочтой. Засгийн газарт автоматаар 100 гаруй хүний ажлын байр бий болж байна.
Би өөрийнхөө төлсөн татвараар түгжрэлийг бууруулаад өгөөч гэж гуйсан болохоос биш баян айлын хүүхдүүдийн суудлыг бэлдэх гэж төлдөггүй юм. Үнэхээр гомдож байна” гэлээ.
