Дэндүү харгис гэмт хэрэгтэй 2025 он


Эмгэнэлтэй төгссөн ээдрээт эрэл

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэх газарт 2025 оны 9-р сарын 17-нд машинд дүүтэйгээ унтаж үлдсэн 2 настай хүү алга болсон. Тухайн өдрийн 18 цагаас эхлэн орон нутгийн онцгой байдлын албан хаагчид болон гэр бүлийнхэн нь уг хүүгийн эрэлд гарсан. Ингэхдээ хүүгийн эрэлд аймгийн онцгой байдлын албан хаагчид, 210 гаруй хүн, 38 машин, 2 мотоцикл, эрэлч нохой, 4 морьтойгоор хүүг алга болсон газраас хааш хаашаа 4-5 метрийг самнасан ч хүүг олсонгүй.

Иймд Агаараас эрэн хайх анги Улаанбаатар хотоос Тариаланд ирж, хүч нэмсэн юм. Турк улсад газар хөдлөлтөд дайчлагдан оролцсон Балу нохойг уг эрэлд ашигласан ч амжилт олоогүй.

Хүмүүст хүүг эсэн мэнд олно гэх горьдлого байсаар. Ингээд 8 хоногийн дараа  хүүгийн ар гэрийнхэн эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт гаргав. Яг түүний маргааш хүүгийн цогцсыг ойгоос оллоо. Түүнийг анх алга болсон газраас 3-4 км холоос олжээ.  Ингээд сарын дараа талийгаач хүүг харангадаж нас барсан гэж шүүх эмнэлэг  дүгнэжээ. 9 хоног хүүг хайхад 1000 гаруй хүн оролцсон ч ямар ч ул мөр олдоогүй. Монголын өнцөг булан бүрээс эхчүүд хүүгийн төлөө цай, сүүнийхээ дээжийг өргөж, хүмүүс хүүг олдчихоосой хэмээн залбирсан ч харамсалтай нь энэ явдал эмгэнэлээр төгссөн юм.

Хүчирхийллээс болж харьсан амь

2025 оны 6-р сарын 27-нд эхнэрээ 38 удаа хутгалж, бүрэлгэсэн жигшүүрт хэрэг “Жем молл” худалдааны төвд гарав. Тэр өдөр юу болсон талаар хожим нь яллагдагч  Н.Энхбат шүүх хурлын үеэр “Ном уншуулсан. Идээ амсуулах гэж эхнэрийнхээ ажил дээр очсон. Гэтэл муудалцаж, лангууны ард байсан хар иштэй хутгаар өөрийгөө болон эхнэрээ хутгалсан.

Эхнэрээ хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Гэхдээ би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” хэмээн ярьсан юм. Шүүх хурлын үеэр түүний том хүү “Манай гэр бүлд аз жаргалтай өдрүүд байгаагүй. Аав намайг алгадаж, ширээний булан мөргүүлж, зоддог байсан. Ээжийг аав байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан” хэмээн ярьсан юм. Ийнхүү эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг бүх насаар нь хорих ялаар шүүх шийтгэв.  Амиа алдсан тэр эмэгтэй олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байсныг хууль хяналтын байгууллага нотолсон. 3 хүүхэдтэйгээ хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очин, хамгаалах байранд байрлаж байжээ.

Хожим нь Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрх хамгаалагч нар Монголд хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн тогтолцоо дутмаг, хамтарсан багийн ажиллагаа дулимаг байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэг бидэнд хүчирхийлэгчийг биш хохирогчийг онцгой анхаарах дохио өгч, гашуун сургамж болон үлдэв. Хүчирхийллээс болж хүүхдүүд амьдын хагацалд унаж, хар дарсан зүүд шиг өдрүүдийг өнгөрүүлж байна.  

Амь гуйсан шөнө

16 настай охин цуврал алуурчны гарт орсноо мэдсэнгүй. 2024 оны 6-р сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай охин хэрцгий нэгний гарт амиа алдав. Охин нас барахаасаа нэг хоногийн өмнө буюу 6-сарын 19-нд “Намайг хүмүүс дээрэлхээд байна.Утсыг минь авсан” хэмээн цагдаагийн газарт тусламж гуйж очжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол охиныг аврах боломж байжээ. Гэвч цагдаагийн байгууллага яагаад түүнд тусалсангүй вэ?

Энэ хэргийг үйлдсэн гэх Ц.Дагвадорж болон хамтрагч байж болзошгүй хэмээн хардаж буй Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагдан хорьсон.

Хэрэг олон нийтэд ил болоогүй байхад прокурорын байгууллагаас Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хэргийн хамжигч биш, хохирогч хэмээн үзэж байв.

Харин шүүх тэднийг хохирогч байх үндэслэлгүй хэмээн үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна.

Үндсэндээ Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар хамжигч биш бол охиныг нь аварч болох байсныг талийгаачийн ээж ярьсан. Гэтэл авраагүй. Аймшигтай, сэтгэл сэртхийлгэсэн энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэхийг Монголын ард түмэн хүлээсээр байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *