Оюунгэрэлийн Агиймаа гэх 35 настай эмэгтэйг 12-р сарын 20-нд Суррей Куэйс дэх галт тэрэгний буудал дээр зогсож байхад нь дугуйтай хулгайч гэнэт гараас нь утсыг нь шүүрээд зугтжээ. О.Агиймаа “Google”-ийн “Find My Device” апп-ыг ашиглаж, утасныхаа байршлыг дагасаар, 12-р сарын 24-нд Лондон хотын Пепис цэцэрлэгт хүрээлэнд байрлах модны ёроолоос утсаа олсон байна.

Тэрээр өөрийнхөө утаснаас гадна өөр 4 гар утас олсон байна. Тэдгээр утсыг модны ёроолд, газарт булсан байжээ.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд хулгайлсан гар утсаа нийслэлийн Финикс цэцэрлэгт хүрээлэн, Вест-Энд дүүрэгт ингэж нуудаг болжээ. Хулгайч нар олон утастай явж байгаад цагдаад баригдах эрсдэлээс сэргийлж, мөн цагдаа нарын эрлийн ажиллагаа, хяналт шалгалт зогстол хүлээх зорилгоор ийм арга хэрэглэдэг болсон аж. Хэрэг намжсаны дараа тэд нуусан зүйлээ ухаж аваад, гадагшаа зарж борлуулдаг юм байна.
О.Агиймаа “Тэр хулгайч яагаад ийм энгийн алдаа гаргасныг бүү мэд. Туршлагагүй хүн байсан байх. Надад ийм аз тохиосонд итгэж ч чадахгүй нь” гэж хэлжээ.
Сэтгүүлч, контент бүтээгч, орчуулагч мэргэжилтэй тэрбээр Монголоос Лондонд нөхөр дээрээ түр ирээд байжээ. Тэр машины эд анги худалддаг газар луу явж байхдаа утсаа хулгайд алджээ. О.Агиймаа хулгайчийн араас хөөсөн ч өнөөх нь дугуйтай байсан тул гүйцэлгүй, хоцорсон байна.
Их Британийн Лондон хотод сүүлийн үед гар утасны хулгай ихсэж байгаа. Зөвхөн өнгөрсөн жилд Лондон хотод 116,000 буюу өдөрт дунджаар 320 гар утас хулгайд алдагдсан гэж Лондон хотын Цагдаагийн газар мэдэгджээ.
Эх сурвалж: My London News
