Өмнөговь аймгийн засаг дарга 2026.01.02-нд 01 тоот анхны захирамжаараа хүүхдийн хоолны мөнгийг нэмлээ. “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” захирамжийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу гаргажээ. 6–12 дугаар ангийн бүх хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар тус аймгийн ИТХ шийдвэрлэсэн аж.
• Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
• Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг болгов.
• Ерөнхий боловсролын сургуулийн болон Политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
• Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөг болгон нэмж, өдөр бүр сүү, тараг өгөхөөр боллоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд 6–12 дугаар ангид 9840, дотуур байранд 998, цэцэрлэгт 6,463 хүүхэд байна. Тэднийг бүгдийг нь “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна.
