Улаанбурхан өвчний халдвар авагсад нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг өнөөдөр хуралдлаа. Сүүлийн өдрүүдэд улаанбурхан тусан эмнэлэгт хандагсдын тоо өсөж, томуутай давхцан тархаж байна. Товлолт вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд уг өвчний халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үүнтэй холбогдуулан:
- Товлолт вакцин хийлгэх нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;
- 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх;
- Эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх.
10-14 насны хүүхдүүдийн дунд улаанбурхны халдвар их тархаж буй аж. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхээс өмнө 10-14 насны хүүхдүүдийг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Мөн амьсгалын замын халдвар аваад, эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийг улаанбурхан туссан өвчтөнөөс ялган оношлох зөвлөмжийг өрхийн эмнэлгүүдэд өгсөн байна. Улаанбурхан туссан нь батлагдсан өвчтөний ойрын хавьтлуудыг илрүүлэн, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр уг хурлаас шийдвэрлэлээ.
