Өмнөговийн сурагч бүр үдийн хоолтой боллоо


Өмнөговь аймгийн засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” оны хамгийн эхний захирамжаар ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах юм.

Тус захирамжийн хүрээнд дунд, ахлах ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг шинэчлэн тогтоожээ. Энэ нь 7 дугаар ангийн сурагчдын нэг өдрийн хоолны зардлыг 2,500 төгрөг, 8–12 дугаар ангийн сурагчдынхыг 4,500 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль болон политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөгөөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, хүүхдүүдэд өдөр бүр сүү, тараг олгох аж.

Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *