“Бүрдэл майнинг” ХХК-ийн алтны хэргийг УДШ хэлэлцэхээс татгалзав


Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2026.01.08.-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Угтах, уурхайн дарга В.Банзрагч нарт холбогдох хэргийг өмгөөлөгч Ж.Баяржавхлангийнх нь гаргасан гомдлыг үндэслэн, хянан хэлэлцэв. В.Банзрагч, У.Угтах нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм. Тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж УДШ үзэж, хэргийг нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын заагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” компанийн гүйцэтгэх удирдлагуудад холбогдох дээрх хэргийг прокурор 2024 оны 4-р сард шүүхэд шилжүүлсэн юм. “Эко-Алтан Заамар” нэрээ “Бүрдэл майнинг” гэж сольсон энэ компани “Баян” хэмээх Р.Базарынх. “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Угтах, уурхайн дарга В.Банзрагч нар хамтарч, тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн, орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг техник хэрэгслээр ухаж, алт олборлосон аж. Тэдний буруугаас Төв аймгийн Заамар сумын орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбай эвдэрч, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Уг хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж, Төв аймгийн Прокурорын газраас У.Угтах, В.Банзрагч нарт Эрүүгийн хуулийн 24.2.1, 24.2.3 дахь хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутай гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *