Үхрийн мах кг нь 27 мянгад хүрчээ


Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл махны үнэ нэмэгдчихлээ. Би 650 орчим мянга төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Нэмэгдээд 730 орчим мянган төгрөг боллоо. Ингээд 580 мянгаар нь Цагаан сарынхаа ууцыг авчихлаа. Одоо буузны махаа авах гэтэл мөнгө хүрсэнгүй. Дараагийн тэтгэврээ хүлээнэ” хэмээн өндөр настан Т.Болор ярив.

Түүний адил 700 орчим мянган төгрөгтэй иргэд хонины ууц уу, буузны мах уу гэх сонголттой тулна. Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд “Шонхор” зах олны хөлд дарагджээ. Гэвч махны үнэ сонссон иргэд захаас хоосон гарах нь элбэг байв. Эцэстээ махны амт чанар биш, хямд үнэ хэлсэн лангуу руу хошуурч харагдана.

Махны үнийн талаар “Шонхор” захын худалдаачид дараах тайлбарыг өгч байна.

Цаашид ч махны үнэ өснө

-Махны эрэлт муу байгаа. Тиймээс үнэ нэмэгдсэн. Мэдээж өмнөх жилүүдийнхээс илүү үнэтэй болсон. Хүмүүс хамгийн багадаа 1 кг, ихдээ 10 кг мах авч байна. Худалдан авах чадвар ч муудсан.  Бид үхрийн махыг ченжээс килограммыг нь  20 мянган төгрөгөөр авч, 22-26 мянгаар борлуулж байна.

-Хонины мах кг нь 17-18 мянга. Хамгийн үнэтэй нь үхрийн мах. 22-27 мянган төгрөг. Хүмүүс ихэвчлэн хонь, үхрийн мах авч байна. Үхрийн 10 кг мах авахад 240 мянган төгрөг. Хүмүүс буузныхаа махыг авахаар ирж байгаа ч үнийг нь сонсоод явчхаж байна. Цаашид ч махны үнэ өсөх нь тодорхой боллоо. 

-Махны үнэ  өссөн нь нийлүүлэлттэй холбоотой. Нийлүүлэлт багассан. Махны үнэ хаана ч хямд байх боломжгүй болчихлоо. Зах зээлийн үнээс хямд үнэ амлаж, малчдын гар дээрээс хямд мах авах боломж гээд дуулиан тарьж нээгдсэн Малчдын зах хүртэл үнээ барьж дийлэхгүй байна. Тэнд гэхэд үхрийн мах мөн л кг нь 22-26 мянгад хүрчихсэн. Бусад малын мах ч ялгаагүй үнэтэй байна. Иргэд “Малчдын захыг зорьж очсон ч үнэтэй байна” гээд “Шонхор”-т ирж байгаа.

Махыг жижиглэнгээр худалддаг худалдаачид ийн ярьж байгаа бол гулуузаар зардаг малчид болон ченж нарын тухайд ууц 550-700 мянга, өвчүү 380-450 мянган төгрөгөөр худалдаж байв. Мөн хонины гулууз 16 мянгаас эхэлж байна.

“Шонхор” захын гадна мах худалддаг ченж нарын хувьд малчдаас үнэтэй мах авч байгааг онцоллоо. Малчны хотонд очоод авахад хонины махыг кг-ыг нь 15 мянгаар зарж байна. Бид малчдаас махыг нь очоод авахад маш их зардал гардаг. Гэтэл малчид үнэ хөөрөгддөг. “Шонхор” захад махаа борлуулахаар ирсэн малчид ч ялгаагүй. Малчид махаа үнэтэй өгч байгаагаас үхрийн мах гэхэд 27 мянгад хүрчихсэн” гэлээ.

Тэгвэл 2025 оны энэ үед махны үнэ ямар байсан талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа харуулав. Харин 2026 оны 1-р сард үхрийн махны үнэ 6000-8000 төгрөгөөр нэмэгджээ.

10 хоногийн хоолны мах авахад 300 мянган төгрөг болов

Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г. Мөнх-Оргил “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн өмнөх сараас 1.9 хувиар өссөн. Тэр дундаа махны үнэ илүү эрчимтэй өсөж байгаа.

Махны үнийн өсөлт нь нийлүүлэлтээс шалтгаалдаг. Үнийн өсөлт зун хүртэл үргэлжилнэ. Цаашид инфляц өсөх эрсдэл байгаа” гэлээ.

Ийнхүү гялгар цагаан торны тал хүрэхгүй мах худалдан авсан хүмүүстэй уулзахад “10 хоногийн хоолны маханд 300 мянган төгрөг зарцуулж байна. Бид өмнө нь махны үнэ  ингэж хаданд гарч байсныг үзээгүй. Энэ жил урьд жилүүдийнхээс 2 дахин үнэтэй байна” гэлээ.

Цагаан сараас өмнө өдийд хонины ууц авбал хямд гэж бодсон иргэдийн хувьд энэ нь мөрөөдөл боллоо. Ууц хамгийн багадаа 30 орчим кг-тай нь 500 гаруй мянган төгрөг. Харин өвчүү кг нь 17 мянга. Махны худалдаачид махны үнийн огцом өсөлтийг эрэлттэй холбодог. Мөн цаашлаад “Малчдын гар дээрээс үнэтэй мах авдаг” гэлцдэг. Гэтэл энэхүү огцом өсөлт нь цалин, тэтгэврийн нэмэгдлээс улбаалав уу гэх хардлага төрүүлж буй.

Монголд цалин, тэтгэвэр нэмэх бүрд өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг жамтай. Энэ жишгийн дагуу махны үнэ хөөрөгдсөн байх талтай гэдгийг зарим иргэд онцоллоо.

Цаашид махны үнийг тогтоож чадахгүй бол иргэд туйлдах нь. Тэр дундаа тэтгэврийн хөгшчүүдийн толгойг Цагаан сараар ууц, өвчүү, буузаа хэрхэн базаах вэ гэдэг асуудал өвтгөх нь.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *