Монголын соёл урлагийн салбарт шинэ өнгө төрхөөр гарч ирж буй, этно урсгалыг хүмүүст таниулах зорилготой “EthnoVoc” хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.
Н.Нар-Оюу: Манай хамтлагийн нэр “ЯЗГУУР ДУУ ХООЛОЙ” гэсэн утгатай
-Ярилцлагын маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу, намайг Наранбаатарын Нар-Оюу гэдэг. Манай хамтлагийн гишүүнийг Дамбын Хишигээ, мөн миний охин Ф.Аялуун нар үзэгч, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэж байна.
-EthnoVoc хамтлаг хэзээ байгуулагдсан бэ. Мөн яагаад энэ хамтлагийг байгуулахаар шийдсэн юм бол?
-Хамтлаг маань 2024 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсэн байгуулагдсан. Одоогоор манай хамтлаг 3 фестивальд оролцсон байна.
Хамгийн анх 2015 онд хамтлаг байгуулах санаа төрсөн. Түүнээс хойш “хамтлагтай болно доо” гэж бодож явтал 3 хүүхдийн ээж болсон. Ингээд бүтэн 8 жилийн хугацаа өнгөрсөн учраас 2024 онд хамтлагаа байгуулахаар шийдэж, түүнээс хойш уран бүтээлүүдээ эхнээс нь гаргаж эхэлсэн.
-Хамтлагийнх нь нэр их сонирхол татаж байна. Этно гэдэг урсгал бол ардын урлаг тэр дундаа үндэсний хөгжим, өв соёлыг орчин үеийн хөгжмийн элементтэй хослуулсан чиглэл гэдэг юм билээ. Тэгвэл VOC гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-Voc гэдэг нь вокал буюу дуу хоолой гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл манай хамтлагийн нэрийг “ЯЗГУУР ДУУ ХООЛОЙ” гэж тайлбарлаж болох юм.
-Та Д.Хишигээг хамтлагтаа урьж, хамтарч ажиллах болсон уу эсхүл Д.Хишигээ маань өөрөө хамтрах хүсэлт тавьсан юм болов уу?
-Тийм ээ. Би хөгжмийн продюсер нь учраас Д.Хишигээдээ хамтлагийн гишүүн болох санал тавьсан.

Д.Хишигээ: Залуус ардын аман зохиолоо тэр дундаа түргэн хэллэг, зүйр цэцэн үгсээ мартсан тул Түргэн, Цэцэн гэдэг дуунуудаа бүтээсэн
-Тэгвэл таны хувьд тэрхүү урилгыг хэрхэн хүлээж авсан юм бол?
– Би 10 жилийн сурагч байхдаа морин хуур тоглож сурсан юм. Сургуулиа төгсөөд СУИС-д жүжигчин мэргэжлээр элсэж, давхар хөөмийний ангид суралцан, их сургуулиа хос дипломтой төгссөн.
Хүүхэд байхаасаа эхлээд л Монголынхоо биет бус өвийг тээж, цааш нь түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байсан. Тийм ч учраас язгуур урлагаа илүү орчин үетэй хөл нийлүүлж, хөгжүүлэхийг мөрөөддөг байлаа. Би өөрөө мэргэжлийн хөгжимчин биш учраас надад продюсер хэрэгтэй шүү дээ. Тиймээс энэ мөрөөдлөө зөвхөн сэтгэл дотроо л тээгээд яваад байсан юм. Гэтэл нэг л өдөр Н.Нар-Оюу багшаас маань надад санал ирсэн. Тэгээд багштайгаа очиж уулзаад, хамтлагтаа гишүүнээр элссэн юм. Түүний дараа нэг их удалгүй анхны фестифальдаа орж байсан.
–EthnoVoc хамтлаг хэчнээн уран бүтээлтэй вэ?
-Манай хамтлаг 10-аад уран бүтээлтэй. Зарим дуугаа хараахан дуусгаагүй учраас цөөхөн хэдэн дуугаа л цацсан байна.
-Сүүлийн үеийн дуунууд нь маш сонирхолтой санагдаж байгаа. Монголын уламжлалт түргэн хэллэг, зүйр цэцэн үгс гээд л сонирхолтой сэдвүүдийг барьж авч уран бүтээлээ туурвисан байна лээ?
-Монголынхоо биет бус соёлын өвийг, ардын аман зохиолоо язгуур урлагтай хослуулан орчин үеийн уран бүтээл гаргахыг зорьсон. Тиймээс бид хоёр ярилцаад ардын аман зохиолуудаа дуу болгоё гэж шийдсэн юм. Ингээд манай “Түргэн”, “Цэцэн”гэсэн дуунууд бий болсон. Цаашдаа магадгүй “Оньсого” гэдэг дуу ч гарахыг үгүйсгэхгүй.
Бидний аав ээж, эмээ өвөө нар загнаж зэмлэхдээ хүртэл зүйр цэцэн үг ашиглан, сургадаг байсан шүү дээ. Гэтэл сүүлийн үед залуучууд маань ардын аман зохиолуудаа тэр дундаа түргэн хэллэг, зүйр цэцэн үгсийг ашиглахаа больсон байна. Тиймээс залуучууд, дүү нартаа өв соёлоо дээдлэн, мартахгүй байхыг сануулахын тулд энэ агуулгуудыг түлхүү сонгосон.
Гэхдээ бидний бүх дууг ардын аман зохиолтой холбоотой гэж хэлж болохгүй л дээ. Багшийн маань үг, аяыг нь зохиосон хэд хэдэн дуу бий.
-Ийм жижигхэн охин хөөмийлөөд, хархираад байхаар хүмүүс их гайхаж байна лээ. Бас тун өвөрмөц санагдаж байгаа?
-Хөөмий, хархираа зэргийг ихэвчлэн эрэгтэй хүмүүс л чаддаг гэж бид ойлгодог шүү дээ. Гэхдээ яг энэхүү өв соёлыг тээдэг, дэлхий дахиныг гайхшируулдаг олон бүсгүйчүүд бий. Хүн өөрөө хичээгээд, мэргэжлийн багшаар зөв сууриар заалгавал эмэгтэйчүүд бүгд хөөмийлж, хархирч чадна. Монгол хүн бүрийн цусанд язгуур урлагийн авьяас, мэдрэмж байдаг гэж би боддог.
Ф.Аялуун: Том болоод дуучин болно
-Хамтлагийн хамгийн бяцхан гишүүн гэж хэлж болох Ф.Аялуун сошиал дээр од болж байна лээ. Том болоод ямар мэргэжилтэй хүн болъё гэж бодож байна?
–Ф.Аялуун: Би том болоод дуучин болохыг хүсдэг. Яагаад гэвэл би дуулах дуртай.
-Чиний хамгийн их үлгэр жишээ авдаг хүн хэн бэ?
-Миний ээж. Ээжийн маань найруулсан хөгжим маш гоё сонсогддог. Би ээжээрээ үнэхээр их бахархдаг.
-Ээжтэйгээ бас эгчтэйгээ хамт дуулаад, клипэнд тоглоход ямар санагддаг вэ?
-Маш гоё санагддаг. Их хөгжилтэй.
-Хамгийн сүүлд цацсан “Бууз” гэдэг дууны талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Энэ дууны гол дуучин бол чи шүү дээ. Бууз дууг дуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Бууз бол манай Монголын үндэсний хоол. Бас дэлхийн маш олон орон бууз иддэг. Яг буузнуудынхаа нэрийг хэлэх гэхээр заримыг нь мартчихдаг юм. Дууны ая нь ч их хурдан болохоор ээж, эгч бид гурав дандаа нэг, нэг буузныхаа нэрийг мартчихдаг юм.

Н.Нар-Оюу: GIRLS хамтлагийн хөгжмийн продюсерээр ажиллаж байсан
-Нар-Оюу багшийн хувьд “GIRLS” гэдэг хамтлагийн продюсерээр ажиллаж байсан шүү дээ. Хүмүүс тэр бүх мэдэхгүй байх?
-Тийм шүү. Одоогоос гурван жилийн өмнө л дөө. “Girls” олон ангит киноны дараагийн бүлэгт олон шинэ хүүхэд орсон юм. Гэтэл жүжигчин Ч.Сэлэнгээ найз маань надтай холбогдоод, “Гурван хөөрхөн охин бий, авьяастай байна уу үгүй юу гэдгийг нь шалгаад өгөөч. Хэрэв авьяастай байвал чи хөгжийн продюсерийг нь хийж болох уу” гэдэг санал тавиад охидоо дагуулаад ирсэн юм. Тэгээд охидынхоо авьяасыг шалгатал өгөгдөл тун сайтай байсан. Хэдий мэргэжлийн суурь байхгүй ч гэсэн хөгжмийн хичээл орвол болохоор байна гээд ажиллаж эхэлсэн.
-Одоо хамтлаг маань уран бүтээл хийхгүй байх шиг байна. Яагаад алга болчхов?
-Тухайн үед охидууд маань 9, 10-р ангийн л сурагч байсан. Тэгээд 12-р ангид ороод мэдээж хичээл ном ихтэй, ачаалалтай байсан. Бас мэргэжлээ сонгох хэрэгтэй шүү дээ. Зарим нь гадаадад сурч, мэдлэг боловсрол эзэмших хүсэлтэй байсан юм. Тиймээс урлаг, уран сайхны ажлаас илүү өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд хамтлагаа тараасан.
-Girls хамтлагийн бас EthnoVoc хамтлагийн дуунуудыг сонсохоор их өвөрмөц хэв маягтай байдаг. Урьд өмнө огт дуулдаж байгаагүй, сонин хэрнэ сонсголонтой аялгуутай юм шиг надад санагддаг юм. Магадгүй уран бүтээлүүд нь таны мэдрэмжийг илэрхийлдэг байх?
-Би багаасаа Оросод сурч, хүмүүжсэн. Орос школтой байж магадгүй юм. Түүнээс гадна БНХАУ-д ч бас олон жил ажиллаж амьдарч байсан. Магадгүй эдгээр улсуудын соёл, урлагийн онцлогуудаас суралцаж, Монгол урлагийг өөр өнцгөөс сонсогчдод таниулах зорилготой болохоор бусад уран бүтээлчдээс багахан өөр байж магадгүй юм.
-Яг үүнийг асуух гэж байлаа. Охинтойгоо ч бас оросоор яриад, ОХУ-ын Буриад улсын телевизийн нэвтрүүлэгт ч ороод байсан?
-Би ОХУ-д төрсөн. Тэндээ 20 жил амьдарсан. Сүүлийн 10 жил Монголдоо амьдарч байна. Урт хугацаанд Оросод амьдарч байсан ч гэсэн гэртээ ээж, аавтайгаа Монголоороо ярьдаг байсан болохоор эх хэлээ марталгүй сурч чадсан.
-Д.Хишигээ: Багш маань Буриадын Урлагийн гавьяат зүтгэлтэн шүү дээ. Багштайгаа хамт Буриад руу яваад фестиваль, тоглолтод оролцоход маш нэр хүндтэй, бахархмаар байдаг. Яагаад гэвэл Буриад улсын иргэд багшийг маань маш их хүндэлдэг, шүтдэг учраас надад үнэхээр түшигтэй, сайхан санагдсан. Ийм авьяаслаг хүнтэй хамт нэг баг хамт олон болоод явж байгаадаа тун баяртай байдаг.

Д.Хишигээ: Эмэгтэй хүн ч бас хөөмийлж чаддаг шүү гэдгийг харуулахыг зорьдог
-СУИС-ийг жүжигчний мэргэжлээр сурч төгссөн гэсэн шүү дээ. Кино уран бүтээл эсхүл тайзны уран бүтээлд оролцож, дүр бүтээж байв уу?
-Жүжигчнийхээ карьераас илүү дуучныхаа карьерт анхаарсан. Учир нь миний дотор ардын урлаг, язгуур урлагтаа л илүү анхаарах ёстой юм шиг мэдрэмж байнга төрдөг байсан л даа. Үүнийгээ дагаад Нар-Оюу продакшндаа орсон. Яах вэ, кино уран бүтээл гэвэл хамгийн сүүлд “Намайг аваад үлдээч-3” кинонд туслах дүр бүтээсэн. Үзсэн хүмүүс нь киноны сэтгэгдэл доор их хөгжилтэй комментууд биччихсэн байсан.
-Танай хамтлагийн хамгийн гол зорилго юу вэ?
-Урлагт хайртай, энэхүү мэргэжлийг сонгосон хүн бүр уран бүтээлээ хийхдээ Монголын ард түмнээс гадна дэлхийн олон орны хүмүүст сонсгох, өөрсдийнхөө ёс заншил, уламжлалаа таниулах хүсэл эрмэлзэлтэй байдаг байх. Бид хоёрын хувьд нүүдэлчин соёл хийгээд, Монголын язгуур урлаг бол ийм гайхалтай юм шүү гэдгийг сурталчлах хүсэлтэй. Цаашлаад эмэгтэй хүн ч бас язгуур урлаг тэр дундаа хөөмий, хархираа зэрэг соёлын өвийг тээж болдог шүү гэдгийг харуулах зорилготой.
Н.Нар-Оюу: Хэвтүүлээд тоглож байгаа хөгжим бол морин хуур биш, Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох ТОВШУУР хөгжим юм
-EthnoVoc хамтлагийн хөгжмийн зэмсгүүд маш сонирхол татаж байна л даа. Хүмүүс ч бас их гайхацгааж байна лээ. Морин хуурыг хэвтүүлээд тоглоод байна гэдэг ч юм уу. Үүнд тайлбар өгөөч?
-Миний тоглодог энэ хөгжим бол морин хуур огт биш юм. Энэ бол Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох ТОВШУУР хөгжим. Товшуур хөгжмийн хэлбэр өөр өөр байдаг. Бөөрөнхий, дөрвөлжин бас толгой нь галуу хошуутай, чандмань толготой гээд янз бүр байдаг л даа.
Хүмүүс товшуур хөгжмөөр магтаал магтаж, тууль хайлдаг гэдгээр нь сайн мэддэг. Тийм болохоор яагаад товшуур хөгжмийг ч бас “эстрад хэв маягт оруулж, ритмтэй, хэмнэлтэй тоглож болохгүй гэж” бодоод уран бүтээлүүд дээрээ тоглож байгаа юм.
-Мэдээж мэргэжлийн хүмүүс маш амархан ялгах байх. Гэвч жирийн иргэд бидний хувьд их адилхан харагдаж байгаа болохоор морин хуур гэж андуураад байх шиг байна?
-Өнгөний хувьд, бас хэлбэр дүрсийн хувьд адилхан болохоор ялгаж чадахгүй байгаа байх. Гэхдээ морин хуурыг хэвтүүлж барихад тун хүнд, тоглоход ч хэцүү. Урт иштэй, өргөн цартай. Харин товшуур хөгжим бол илүү хөнгөн байдаг юм шүү. Монгол урлагт сонин содон, өвөрмөц дуугаралттай хөгжмийн зэмсгүүд олон бий. Үүнийг ч бас хүмүүс сайн мэддэг болоосой гэж хүсэж байна.
-Танай хамтлагийг шимтэн сонсдог хүмүүст хандаж үг хэлээч?
-Манай хамтлагийг дэмжиж, урмын үг хайрлаж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Биднийг цаашид ч дэмжээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.

