NTV телевизийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан “Болзоо” нэвтрүүлгээр НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатарын хөндсөн асуудалтай холбогдуулан, Шадар сайд Х.Ганхуяг яаралтай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг нэн даруй шалгаж эхэллээ.
Шадар сайд Х.Ганхуяг:
-2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө “Сутай таун” хотхонд гарсан гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Э.Энхболдын ар гэрт үүссэн нөхцөл байдалд гүнээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг Шадар сайд миний бие онцгой анхаарч, холбогдох байгууллагуудаар нэн даруй шалгуулж, хууль, журмын дагуу зохих шийдвэр гаргахаа илэрхийлж байна.

Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр амь нас, эрүүл мэндээ үл хайхран үүргээ гүйцэтгэж байдаг Монгол төрийн найдвартай түшиг билээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын нэр төр, гавьяа зүтгэлийг Монголын төр үргэлж дээдлэх ёстой гэдгийг онцлон илэрхийлье.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийг хамгаалж, хуульд заасан анхаарал халамж, дэмжлэгийг бүрэн хүргэх нь төрийн үүрэг. Энэ хүрээнд талийгаач Э.Энхболдын ар гэртэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас нягтлан тодруулж, гарсан дүгнэлтэд үндэслэн зохих шийдвэр гаргахаа мэдэгдэж байна.
