Үндсэн хуулийн өдрийг угтаж, жил бүрийн өдийд уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөө жил 14 дэх удаагаа болов. УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг энэ тэмцээний анхан шат нь сум, дүүргийн хэмжээнд болдог. Эндээс хагас шигшээд шалгарсан шатарчид аймаг, нийслэлд өрсөлдөж, улсын хэмжээнд тоглох тамирчид тодордог юм.
21 аймаг, нийслэлийн 4922 тамирчнаас шалгарсан шатарчдын шигшээ тоглолт Төрийн ордонд 1-р сарын 10, 11-нд болж, сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оролцлоо. Шатарчид Швейцарь системээр 8 өрөг тоглов.
Эрэгтэйчүүдийн ангилал:
- Баянзүрх дүүрэг Б.Гантулга 7.5 оноо
- Сэлэнгэ аймаг, Ж.Пүрэвдорж 7 оноо,
- Дорноговь аймаг, Г.Баттүвшин 7 оноо.
Эмэгтэйчүүдийн ангилал:
- Говьсүмбэр аймаг, А.Энхдэлгэр 8 оноо
- Орхон аймаг, Д.Жаргалсайхан 6 оноо
- Нийслэл, Д.Булгантамир 6 оноо.
Эрэгтэйчүүдийн 70-аас дээш насны ангилалд Г.Оюунбаяр, 60-аас дээш насны ангилалд Ш.Ганболд, 55-аас дээш насны ангилалд А.Зоригтбаатар, чансаа нь 1700 хүртэлх онооны ангилалд Б.Оргил, чансаагүй оролцогчдын ангилалд Б.Амарзаяа, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангилалд Г.Оюунжаргал, чансаагүй оролцогчдын ангилалд Э.Болор-Эрдэнэ, Ц.Нармандах нар тусгай шагнал хүртлээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар 4.5 оноо, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 4 оноо авч, Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” батламжийн эзэн болов.
Энэ тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангалаа. Тэдэнд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгийг нь гардуулна.
