Г.Занданшатарын халаа сэлгээний хачин технологи


Баянхонгорынх бол хэн ч байсан хамаагүй гэж хандаж буй Г.Занданшатар Ерөнхий сайд болсон үеэсээ хойш нүүрсний хулгайтай тэмцэнэ, төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ хэмээн Л.Оюун-Эрдэнээс ялгаагүй юм ярьж, халаа сэлгээ, томилгоо хийсээр байна. Гэм бурууг нь шүүх дэнслээд, буруутай гэж үзэн ялласан хүнийг хүртэл Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар тавьж, олны нүдийг орой дээр нь гаргалаа.

Ерөнхий сайд Г.Занданшатарын ер бусын халаа сэлгээ 2026 онд ч үргэлжилсээр. Төрийн албаны зөвлөлийн эрх, үүргийг уландаа гишгэн, өмнүүр нь орж 1-р сарын 7-нд ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилсон бол Дубай явсан татварын дарга нарыг 1-р сарын 9-нд халчхаад, 11-нд Замын-Үүдэд очиж, Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөллөө. Халаа сэлгээ, томилгоог сүнгэнүүлж байна.

ГЕГ АНХ УДАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ДАРГАТАЙ БОЛОХ ШАХАВ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаальд нүүрлэсэн авлига, хулгайг бууруулах нэрийдлээр 2022 онд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Харин Г.Занданшатар Засгийн газрыг аваад, нүүрсний хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулсан. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй энэ ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Сангийн яам, АҮЭБЯ, бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг багтаажээ.

Уг ажлын хэсэг ГЕГ-аас шалгалтаа эхэлж, гадаадаас оруулж ирж буй барааны үнэлгээг бууруулан, гаалийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг илрүүлсэн юм. ГЕГ-ын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв, Замын-Үүд дэх Гаалийн газрын ажилтнууд холбогдсон уг хэрэг сүүлийн 2 жилд буюу Р.Отгонжаргалыг ГЕГ-ын дарга болсноос хойш гарчээ. Гаалийн бүрдүүлэлт хийхэд аж ахуйн нэгжүүдэд зуучлагч 4 иргэн нийт 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг бууруулж, улсад төлөх 13.5 тэрбум төгрөгөөс зайлсхийсэн байна.

114 жилийнхээ түүхэнд ГЕГ анх удаа сонгон шалгаруулалтаар даргатай болох шахсан нь энэ

Татварыг нь багасгаж өгдөг ГЕГ-ын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн 3, Замын-Үүд дэх Гаалийн газрын 7 байцаагч сар бүрийн эхэнд авлигын мөнгөө өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансыг ашиглан, бэлэн мөнгө хэлбэрээр АТМ-ээс авдаг аж. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг Улаанбаатар хотын 14, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 9, Дархан-Уул аймгийн 1 обьектыг нэгжиж, бэлэн мөнгө, банкны картууд, гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гаалийн байцаагч нарт хахууль өгсөн хар бүртгэл, карго тээврийн баримтуудыг хураан авчээ.

Гаальчид 330 гаруй сая төгрөгийн авлига авсан энэ хэрэгт Р.Отгонжаргалд хариуцлага тооцохоор болж, тэр ч өргөдлөө өгсөн юм. Түүний оронд томилох хүнийг шалгаруулахаар ТАЗ 2026.01.02-нд сонгон шалгаруулалт зарлав. 114 жилийнхээ түүхэнд ГЕГ анх удаа сонгон шалгаруулалтаар даргатай болох шахсан нь энэ. Уг сонгон шалгаруулалтын зарыг харсан олон хүний нүд орой дээрээ гарч, өөрийгөө зүүдэлж байна гэж бодсон биз. Юмыг яаж мэдэх вэ гээд 1 хүн материалаа илгээсэн байсан ч түүний аз дутав. Өмнөх дарга нарыг Ерөнхий сайд шууд томилж ирсэнтэй адил энэ удаад ч тийм л юм болов.

УИХ-ын дарга Н.Учралтай Ерөнхий сайд Г.Занданшатар уг томилгоотой холбоотой асуудлаар ярилцаагүй нь үүнээс илт. УИХ-ын даргын харьяа байгууллага сонгон шалгаруулалт зарласан байхад, Засгийн газар шууд ГЕГ-ын даргыг томилчихлоо. Н.Учралыгаа Г.Занданшатар нь тоохгүй байгаа юм уу, эсвэл тэд нэг нэгнийхээ ажилд оролцох бүрэн эрхтэй юм уу, бүү мэд.  

ДУБАЙД АЯЛУУЛААД, АЖЛААС НЬ ХАЛАВ

Нийслэлийн Татварын газрын дарга нь дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нараа дагуулаад, ажлаа таслан Дубай явсан асуудалтай холбогдуулан, Ерөнхий сайд Г.Занданшатар тэднийг халахыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранд даалгалаа. Дарга нь чөлөө өгөхгүй гэж байхад за гэж гарчхаад, 9 дүүргийн даргаа дагуулаад явчихсан М.Болдбаатарыг ажлаас чөлөөлөх бол наад захын асуудал. Хэний хэдэн төгрөгөөр зугаалсан бэ гэдгийг нь шалгаж, уг мөнгийг хурааж авах ёстой. Нөхөн төлүүлэх хэрэгтэй.

Түүнийхээр бол уг аяллын зардлыг улсын төсвөөс гаргаагүй, нийслэл гаргасан, зохион байгуулсан гээд байгаа. Нийслэл гэдэг чинь нийслэлийн ЗДТГ. Дарга нь Х.Нямбаатар.

Энэ хүн энэ асуултад хариулахын оронд комидиан Амараа гэх мэт хүнтэй фэйсээр үзэлцээд, завгүй гэсэн атлаа завтай явна. М.Болдбаатарын хэлснээр Дубайн аяллын зардлыг улсын төсвөөс гаргаагүй юм бол хэн нэгэн хүн, аж ахуйн нэгж санхүүжүүлсэн байж таарна. Авлига гэсэн үг. Авлига авсан бол тэднийг АТГ-т өгч шалгуулах, улсын төсвөөр аялсан бол албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр бас л АТГ-т өгөх ёстой.

Аяллын зардлаа Х.Нямбаатараар даалгаж, дэлгүүр орох мөнгөө Б.Цогтнарангаас авсан татварынхан Дубай явжээ

Нөгөө талаас нь харвал татварынхныг Дубай явуулж, араар нь халах ажлыг Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран өөрөө хийсэн байж болохоор байна. Учир нь тэр 2025.12.30-нд А/187 тоот тушаал гаргаж, Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн 41 даргад 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгожээ. Уг урамшууллыг байгууллагын цалингийн сангаас гаргасан аж. 1 хүнийг 2.7-3.3 сая төгрөгөөр шагнасан гэсэн үг. Энэ бол Дубай явах аяллын зардалд ч хүрэхгүй мөнгө. Дубайн аялал дунджаар 5.7 сая төгрөг.

Нийслэлийн ЗДТГ бас татварынханд урамшуулал гэж мөнгө өгдөг. 2025 оны урамшууллаа харин мөнгөн хэлбэрээр биш, аялал хэлбэрээр өгсөн сурагтай. Аяллын зардлаа Х.Нямбаатараар даалгаж, дэлгүүр орох мөнгөө Б.Цогтнарангаас авсан татварынхан Дубай явжээ.

Даанч араар нь Г.Занданшатар, Б.Жавхлан, Б.Цогтнаран нар хамтран жүжиг тоглож, ард түмэнд тэднийг хаяж өгөөд, ажлаас нь халчхав. Энэ хүмүүсийн ажлыг авахын тулд заавал ингэх хэрэг байсан юм уу даа.

О.ЦЭЕНРЭГЗЭНГ ХАЛСАН ШАЛТГААН ТОДОРХОЙ БУС

ГЕГ-ыг гартаа авсан Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.01.11-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаранд даалгав. Уг даалгаврыг өчигдөр ёсоор болголоо. Гаалийн байгууллага дотроо Замын-Үүд дэх Гаалийн газар онцгой салбар. Улсын төсөв бүрдүүлэхэд чамгүй үүрэгтэй энэ салбарт өөрийн хүнээ тавих нь үе үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд нарт амин чухал асуудал байлаа. Г.Занданшатарт ч ялгаагүй. Тэгээд тэр санаснаа авав.

Гэхдээ Г.Занданшатар О.Цэенрэгзэнг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй үлдэв. Бодвол нүүрсний хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсгийн илрүүлсэн Замын-Үүд дэх Гаалийн газрын 7 байцаагчтай холбоотой бололтой. Үүн дээр орон тоо нэмсэн гэх ял О.Цэенрэгзэнд нэмэгдэх янзтай. Ерөнхий сайд Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллахдаа О.Цэенрэгзэнгээс орон тоог нь лавласан. 4 жилийн өмнөх орон тоог 2 дахин нэмсэн гэж буруутгасан. О.Цэенрэгзэн “7 алба, 278 хүнтэй. 4 жилийн өмнөхөөс 35-40 албан хаагч нэмэгдсэн” гэж хариулсан юм.

4 жилийн өмнө үйлчилгээний 72 ажилчнаа хасаад, 223 хүнтэй байсан байгууллага одоо 278 хүнтэй гэхээр 55 хүнээр орон тоо нэмэгджээ

О.Цэенрэгзэн 2022.07.08-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилогджээ. 2023 онд тус газарт төрийн тусгай албан хаагч гэсэн ангилалтай гаалийн 223 байцаагч ажиллаж байсан аж. 2024 онд ГЕГ-ын даргын баталсан бүтэц, орон тоогоор Замын-Үүд дэх Гаалийн газарт 306 албан хаагч ажиллахаар болгож, орон тоог нэмжээ. Нэмүүлэх хүсэлтийг О.Цэенрэгзэн өөрөө ГЕГ-т гаргасан аж. Гаалийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн хууль зөрчигдөх, гаалийн улсын байцаагчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, нэг байцаагчид ноогдох ажлын ачаалал нэмэгдэх зэрэг эрсдэл үүссэн хэмээн шалтгаанаа тайлбарласан байна. Ингээд 83 орон тоо нэмжээ.

Gov.mn-д байгаа Гаалийн ерөнхий газрын даргын 2024.02.23-ны А/123 дугаар тушаалаас үзвэл Замын-Үүд дэх Гаалийн газар дарга 1, Захиргааны алба 18, Хяналт шалгалтын алба 182, Бүрдүүлэлтийн алба 5, Зөрчилтэй тэмцэх алба 16, Эрсдэлийн удирдлагын алба 5, Хорио цээрийн алба 87, Санхүү аж ахуйн алба 64 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 378 ажиллагсадтай ажээ. Тэдний 72 нь төрийн үйлчилгээний ажилчид бол 306 нь төрийн тусгай албан хаагч.

Түүнээс хойш авлига, албан тушаалын хэрэгт холбогдох, өөр тийш сэлгэн ажиллуулах зэргээр хүн нь цөөрсөөр 278 болсон бололтой. Тэгэхээр 4 жилийн өмнө үйлчилгээний 72 ажилчнаа хасаад, 223 хүнтэй байсан байгууллага одоо 278 хүнтэй гэхээр 55 хүнээр орон тоо нэмэгджээ. 35-40 биш, 55 байх нь.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *