Монгол Улсын гавьяат багш С.Энхцэцэгийн нэрэмжит төгсөгчдийн анхдугаар сагсан бөмбөгийн тэмцээн НЕБ-ын 84-р сургууль дээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр боллоо. 1997-2025 он хүртэлх үе үеийн төгсөгч нарын оролцсон тэмцээн Залуу үе, дунд үе, дээд үе гэсэн 3 үеийн хүрээнд зохион байгуулагдав. Үе үеийн төгсөгч нараас шилэгдсэн шилдэг багууд цугларсан учраас баг бүр өргөн бүрэлдэхүүнтэй энэ тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байлаа.
Монгол Улсын гавьяат багш С.Энхцэцэгийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Мөн олон жил уулзаагүй 10 жилийн хүүхдүүд төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж эрхэм багш нартаа хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулахаас гадна хичээл орж байсан анги, танхимдаа цугларч хүүхэд насаа дурсан дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэв.
Тэмцээний шилдгүүдээр
- Залуу үе /Эрэгтэй/ 2023 оны төгсөлт Алт, 2018 он Мөнгө 2017 он Хүрэл
- Залуу үе /Эмэгтэй/ 2023 оны төгсөлт Алт, 2020 он Мөнгө, 2016 он Хүрэл
- Дунд үе /Эрэгтэй/ 2006 оны төгсөлт Алт, 2008 он Мөнгө, 2012 он Хүрэл,
- Дээд үе /Эрэгтэй/ 1998 оны төгсөлт Алт, 2004 он Мөнгө, 2003 он Хүрэл
- Дээд үе /Эмэгтэй/ 1997 оны төгсөлт Алт, 2002 он Мөнгө, 2003 он Хүрэл медаль тус тус хүртэв.










НЕБ-ын 84-р сургууль 1989 онд үүсгэн байгуулагдаж анхны хичээлийн жилээ эхэлсэн түүхтэй. Өдгөө 37 дахь төгсөлтөө төгсгөхөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны цахим сургууль нэрээр тодотгосон тус сургуулийг дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Г.Нарансолонго гээд урлаг, соёлын олны танил эрхмүүд төгссөн.
Мөн Монгол Улсын шигшээ баг, Сагсан бөмбөгийн Дээд Лигт тоглож явсан Шинэнгийн Сэдбазар тус сургуулийг төгссөн юм. Энэ ч утгаараа төгсөгчдийн анхдугаар тэмцээнд 1998 оны төгсөгчдийн багаа манлайлж оролцсон нь энэ тэмцээний нэгэн чимэг байв.

Түүнчлэн энэ цаг үед тамирчны карьер нь ид буцалж яваа тамирчид болох Дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр, “Эс Жи Эйпс” багийн тоглогч Б.Тулуй, “Дархан Юнайтед” багийн тоглогч Э.Сумьяабазар тэргүүтэй шилдэг тамирчид төрөлх сургуулийнхаа төгсөгчдийн тэмцээн дээрээ зорьж очсон байв. Мөн Монголын хамгийн анхны нэг сая дагагчтай юүтүбэр Gremix төгсөгчдийн тэмцээндээ оролцлоо. Тэрбээр 2013 онд 84-р сургуулийг төгсөж байсан юм.

Монгол Улсын гавьяат багш С.Энхцэцэгийн нэрэмжит тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах аж. Төгсөгчдийн тэмцээнийг зохион байгуулах болсон зорилго нь төгсөгчдийн төлөөллөөс холбоо байгуулах гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байлаа. Тус холбоогоор дамжуулан сургууль төгсөгчид хоорондын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой. Цаашлаад сургуулийн үйл ажиллагаанд оролцож, төгсөгчдийн ажил, мэргэжлийн судалгаа хийх зэрэг олон ажлуудыг хамтарч хийх боломжтой гэв. 2029 онд тус сургуулийн 40 жилийн ой болно.











