Монгол уламжлалт наадгай, бэлгэдэл болсон үндэсний шагайн харвааны “Алдар”-ын цомын тэмцээн анх удаа зохион байгуулагдав. Батлан хамгаалахын яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан тус тэмцээн хоёр өдрийн турш өрнөж, шилдгүүдээ тодруулжээ. Түүхт ойн босгон дээр болсон энэ тэмцээнд МУҮДМ С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХК, “Алдар” спорт хорооны баг манлайлж, “Алдар”-ын цомын эзэн болсон байна.
Харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” баг удаах байрт шалгарч, хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсан аж. Гуравдугаар байрыг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат, аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Найман” баг эзэлсэн байна. Дөрөвдүгээр байрт Орхон аймгийн “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн механик инженер, аймгийн гоц мэргэн Б.Бямбабаатар ахлагчтай “Рок гранд” компани баг шалгарчээ.
