Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Цус сэлбэлт, судлалын Үндэсний төв хамтран “Цусаа хандивлаж, амьдрал бэлэглэе” аяныг өнөөдөр зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн хамтын ажиллагааны дагуу цусны донор бүрдүүлэх ажлыг тэд Зэвсэгт хүчний байгууллага, нэгтгэл, ангиудад тогтмол зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ байв. Командлалынхан жилд 3-4 удаа цус хандивлаж, бусдын эрдэнэт амь насыг аврах энэрэнгүй үйлсэд тогтмол нэгддэг донор хамт олон юм.

Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн донор зохион байгуулах тасгийн их эмч Р.Энхтуяа “Эмч нар бид Хуурай замын цэргийн командлалд ирэхдээ дуртай. Яагаад гэхээр алба хаагчид нь өргөн бүрэлдэхүүнээрээ урт дараалал үүсгэн хамрагдаж байгааг нь харахад сайхан санагддаг. Хуурай замын цэргийн командлалыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлэх, сая сая хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, алтан амийг аврах ариун үйлсийн төлөө тогтвортой хамтран ажиллаж ирснийг нь үнэлж, 2023 онд “Донор хамт олон”-оор өргөмжилсөн билээ. Өргөмжлөлөө ёс төртэй дааж, бусдад амьдрал бэлэглэх буянт үйлсийг тогтмол зохион байгуулж буйд нь талархаж байна” гээд цусаа өгөхийн ач холбогдлын тухай ярилаа.
Нэгдүгээрт, таны хандивласан цусаар гурван төрлийн бүтээгдэхүүн хийж эмчилгээнд хэрэглэдэг. Хоёрдугаарт эрүүл мэнддээ хяналтаа тавиад явах боломжийг танд олгоно. Гуравдугаарт, цусаа тогтмол өгснөөр зүрхний шигдээс, харвалт, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэсэн юм.
Бусдын амь насыг аврах үйлсэд нэгдсэн командлалын бүрэлдэхүүн болон Гадаад хэлний төвийн суралцагч нарт тус командлалын ахмад цолтнууд дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр үйлчиллээ.

