Дубайн зугаалга ба төрийн албан хаагчдын ажлын үнэлгээ


“Төрийн албан хаагчдын ажлыг дарга нь үнэлэхээр 99%, ЗГ 77%, УИХ 65, ард иргэд 40% гэж үнэлдэг” гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлсэн ч 100% гэж үнэлдэг дарга ч байна. Тэр нь Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран. Тэрээр Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн 41 даргыг маш сайн ажилласан гэж үнэлэн, 2025.12.30-нд А/187 тоот тушаал гаргаж, 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгожээ. Уг урамшууллыг байгууллагын цалингийн сангаас гаргаж, 1 хүнийг 2.7-3.3 сая төгрөгөөр шагнасан байна.

Шагнуулсан дарга нар шинэ оноо Дубайд угтсан ч шанд нь ажлаасаа халагдав. Сарын өмнө л “2025 онд улсын төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 2025.12.11-ний байдлаар 15.5 их наяд буюу 86%-ийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт 6.5 их наядын орлого төлөвлөснөөс 5 их наяд орчмыг төвлөрүүлсэн байна. Гэвч нүүрсний олон улсын үнэ анхны төсөөллөөс доогуур байгаа нь жилийн эцэст татварын орлого 700 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүсгэж байна” гэж 2025.12.11-нд сэтгүүлчдэд мэдээлсэн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран хэдийдээ 2025 оны татварын орлогоо бүрэн төвлөрүүлж, 86%-ийн гүйцэтгэлээ 100% болгосон юм бол доо.

Т.Батмагнай ТЕГ-ын даргаар томилогдоод, татварын улсын байцаагч Б.Цогтнаранг Татвар хураалтын газрын дарга болгосон

9000 гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлж, хөрөнгийг нь битүүмжлэх, дансыг нь хаах зэргээр дарамталж байгаад төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа 100% болгосон бололтой. Татварын албанд бүртгэлтэй 265 мянга орчим аж ахуйн нэгжээс 72 мянгаад нь өртэй байлаа, тухайн үед. Тэдний нийт өр 6.1 их наяд төгрөг. Үүний 2 их наяд нь уул уурхайн салбарынханд оногдож байв.

Маш сайн ажилласан, 100% гэж үнэлсэн дарга нараа зөвшөөрөлгүйгээр Дубай явсан, ажил тасалсан гэж халсан Б.Цогтнаранг хүмүүсээ хамгаалсангүй, Ерөнхий сайдад барьж өглөө гэж буруутгах хүн ч бас бий. Дубай явсан дарга нараасаа болж, хүн чанаргүй дарга нарын тоонд ороод буй Б.Цогтнаран гэж хэн бэ?

Г.Занданшатар сарын дараа С.Төгсжаргалыг буцааж, Том татвар төлөгчийн газрын дарга болгоод, Б.Цогтнаранг ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьжээ

Засгийн газар 2025.10.24-нд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Гэсэн ч Г.Занданшатар сарын дараа С.Төгсжаргалыг буцааж, Том татвар төлөгчийн газрын дарга болгоод, Б.Цогтнаранг ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьжээ.

Засгийн газрын шийдвэрээр 2012.12.18-нд Т.Батмагнай ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод, татварын улсын байцаагч Б.Цогтнаранг Татвар хураалтын газрын дарга болгосон гэдэг. Т.Батмагнайг “Чингис хаан” банкны дэд захирлаар ажиллаж байхад нь Б.Цогтнаран тус банкийг хариуцсан татварын улсын байцаагч байжээ. Тэр үеэс Т.Батмагнай, Б.Цогтнаран нар “дотноссон” түүхтэй аж. Дараа нь Б.Цогтнаран нийслэлийн Татварын газрын дарга болж, саяхнаас ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байна. С.Төгсжаргалаар ТЕГ-ын даргын үүргийг сар гүйцэтгүүлсэн Г.Занданшатар Б.Цогтнарангаар 41 дарга халууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *