“Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл” хэрэгжинэ. Япон Улсын Засгийн газрын 500.0 сая иен (3.14 сая ам.доллар)-ий буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих энэ төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-уудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. Үүнд хөдөлгөөнт трансформаторын туршилтын автомашин, эрчим хүчний сүлжээний ажиллагааг тухайн цаг мөчид нь хянах бүрэн дижитал симулятор зэрэг орж нийлүүлэх ажлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-аар дамжуулан гүйцэтгэх юм.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 2026 оны 1 дүгээр сарын 14-нд Сангийн яаманд боллоо.
Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 орчим хувийг импортоор хангаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүрэлцээ, найдвартай байдал тулгамдсан асуудал болоод байгаа үед энэхүү төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.
