2 настай хүүхэд сэтгэцийн эм уусны улмаас хордож, нас баржээ


ЭХЭМҮТ-д 2020-2025 оны хооронд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдэд дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээгээр хордлогын шалтгаант эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүүхдүүдийн 67 хувь нь эмэнд хордсон бол үлдсэн хувь нь угаарын хий, химийн бодисонд хорсон байна.

Эмийн хордлогын тухайд хүүхдүүд D витамин нэг дор олныг уух явдал гарч байна. Даралт, зүрхний болон өвчин намдаах, тайвшруулах, бусад өргөн хэрэглээний эмийг хүүхдүүд чихэр, витаминтай андуурч уун, хордлогод орох нь цөөнгүй байгаа аж. 2025 оны сүүлчээр 2 настай хүүхэд сэтгэцийн эм уусны улмаас хордон, эмчлүүлэх үедээ нас баржээ.

Харин сүүлийн үед угаарын хийн хордлого хамгийн түгээмэл байгаа аж. ЭХЭМҮТ-д хоногт угаарын хийд хордсон 15-21 хүүхэд ирдэг байна. Энэ мэтчилэн хордсон хүүхдүүдийг насаар нь авч үзвэл 55.8 хувь нь 5 хүртэлх насных. Үүнээс 34.1 хувь нь 1-2 настай хүүхэд байгаа нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой байгааг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Хүүхдүүдийн 82 хувь нь гэртээ хордсон нь хамгийн ноцтой үзүүлэлт гэж тэд үзэж байна.

 Иймд эцэг эх асран хамгаалагчдын анхааралд,

-Эм, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой, өндөр газар хадгалах,

-Эм уулгахдаа витамин гэж хуурахгүй байх,

-Гэрийн орчны аюулгүй байдлыг тогтмол шалгахыг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *