Засгийн газрын өнөөдрийн /2026.01.21/ хуралдаанаар цахилгааны асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжисүрэн дараах мэдээллийг өглөө.
“2025-2026 оны өвлийн оргил ачаалалд төвийн бүсийн нэгдсэн сүлжээн дээр оргил ачаалал 1800 MBт хүрэх тооцоотой байсан. 2026.01.19-ний байдлаар 1803 MBт хүрээд байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажилладгаас яг одоогийн байдлаар 65 зуух ажиллаж байна. 5 зууханд гэмтэл устгах ажил хийж байгаа. Мөн 49 турбогенератороос 43 нь ажиллаж байна. 3 турбогенератор дээр гэмтэл устгах ажил хийсэн. Өчигдрөөс эхлээд цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ талаар тайлбар хийе.
2026.01.20-ны өглөө 06:11 цагт ТЭЦ VI-ийн 8-р зууханд үлээлт гарсан. 500 градусын температуртай байсан зуухыг зогсоогоод, 50 градус руу буулгахад 4-5 цаг шаардлагатай. Үүний дараа засвар хийж эхэлсэн. Өнөө өглөө 09:46 цагт сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 МВт цахилгааны хомсдол үүссэн. Бүх турбогенератор, зуухнууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас аливаа нэг тоноглол дээр гэмтэл гарах юм бол хязгаарлалт хийх нөхцөл үүсэж байгаа.
Хоёр дахь хүндрэл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр нүүрс хөлдөж эхэлсэн. Үүнээс үүдэж 300 MBт хүчин чадалтай ажиллаж байсан тус станц 120 МВт-ын хүчин чадалтай ажилласан. Үүнээс шалтгаалаад нийт 160 МВт хязгаарлалт хийсэн. Одоо нэг цагийн дараагаас цахилгааны нөхцөл сайжрах болов уу” гэлээ.
