Зэрлэг амьтдад зориулж хоёр цэгт 15 боодол өвс тавьжээ


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт зэрлэг амьтдад зориулж өвс, хужир шүү тавьж өгчээ. Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Шавартын эх, Их, Бага Бэрх нэртэй газруудад зэрлэг амьтдыг дэмжих. Өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хоёр цэгт 15 боодол өвс, 800 кг хужир байршууллаа.

Нэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр Эрдэнэхайрхан сум дунд эрсдэлтэй үнэлэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус сумын нийт нутгаар 7 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Байгаль цаг уурын хүндрэл тохиох эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ үед зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Цаашид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед зэрлэг амьтдад үзүүлэх биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн явуулна.

Ялангуяа өвөлжилт хүндрэх төлөвтэй үед, хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс, янгир ямаа зэрэг туруутан амьтдад тарга хүч авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэ ажил нь амьтдын өсөлт, тоо толгойг нэмэгдүүлэхэд давхар ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Ташрамд, 2025-2026 оны өвөл хаврын үед зэрлэг амьтдад хэрэглэхээр Алдархаан, Баянхайрхан, Сонгино гэхчлэн 6 суманд нийт 775 боодол өвс 52 уут хужир 18 цэгт байршуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *