Өчигдөр “Дулааны цахилгаан станц-4”-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр, цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд 24 цагийн дотор хэвийн болгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн Ерөнхий инженер П.Болдбаатар хэлэхдээ,
“Өвлийн эд хүйтний үед бүрэн ачаалалд ажиллаж байна. Гэмтэл гарсан 8-р зуухны хувьд 11-р сард чимээ гарч тодорхой хэмжээний гэмтэл үүсэх нөхцөл бүрдсэн байсан. Бид эд хүйтний үеийг давсны дараа буюу 3-р сарын 15-наас засварлахаар төлөвлөж байсан ч, тоноглол гэмтэж зогссон. Бид бэлтгэл нөөц, тоноглолгүй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл техникийн ажиллагааны дүрмийг зөрчиж байна. Энэ нь ажилчдад ч эрсдэлтэй. Энэ гэмтэл өндөр даралтад удаан ажилласантай холбоотой. Цаашид ч гэмтэл гарах эрсдэл бий” хэмээн мэдээллээ.
