Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хүртэлх хэм хүрч байна. Гэвч өчигдөр /2026.01.20/-өөс эхлэн IV цахилгаан станцын 8-р зууханд гэмтэл гарч, хэсэгчилсэн байдлаар 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарлаж байгаа. Тэгвэл энэ нь цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад тун хүндрэлтэй байгаа бөгөөд зарим айлуудын шугам хөлдөх эрсдэл ч үүсэж буй. Иймд бид иргэн С.Дэлгэртэй ярилцаж, өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр гэрийнхээ дулааныг цахилгаанаар шийдсэн ч энэ өвөл тун хүйтэн байгаа талаар мөн цахилгааны хязгаарлалтаас үүдэж, хүндхэн нөхцөлд байгаагаа ярилаа. “Нэг айл ч гэсэн утаа гаргахгүй байх юмсан гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн. Гэтэл өнөөдөр даараад ноосон малгайгаа ч тайлж чадахгүй, 92 настай аавыгаа ханиад хүрчих вий, өвдчих вий гэж айгаад гэртээ ч авч ирж чадахгүй сууж байна. Арга ядахдаа газан халаагуур авч ирж гэрээ дулаацуулж байна. Энэ бол илүү зардал шүү дээ, хэдхэн хоног хэрэглээд л цаашид хэрэглэхгүй. Тиймээс ард түмнээ нэгдүгээрт тавьдаг нийгмийг хүсэж байна” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ: https://www.facebook.com/share/v/1GMzq3Cseo/
