Степпе аренагийн талбайд хагас шигшээ цувралын 3 дахь тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. 3 тойргийн тоглолтын байдлаар эмэгтэй багууд 4 ээлжийн тоглолт гарах нь тодорхой болов. Харин Мега старс улирлаа өндөрлүүлсэн бол Дархан Могулс цувралд амьд үлдлээ. Эдгээр тоглолтуудыг тоймлон хүргэж байна.
Дархан Могулс бууж өгөх болоогүй

Дархан Могулс 4 ээлжийн тоглолтод Төв МИГ Вулвсийг буулган авснаар цувралын харьцааг 2:1 болгон ойртууллаа. Цувралын эхний хоёр тоглолт 3:0-ын харьцаатай өндөрлөж Төв миг илт илүүрхсэн. Бүр эхний тоглолтын хоёрдугаар сетэд Дархан Могулсын дасгалжуулагчийн баг 3 импорт тоглогч зэрэг талбайд гаргаж тухайн сет алдсан гээд багаараа тун хангалтгүй тоглолтыг үзүүлсэн. Тэд өчигдөр хожигдсон бол улирлаа дуусгах байлаа. Харин хамгийн чухал тоглолтдоо илүү нямбай нягт орж ирсэн нь тэд бууж өгөх болоогүй гэдгээ харуулав. Эхний сетээс эхлээд 4 үеийн турш жигд байж маш хэрэгтэй, чухал хожлыг авч хагас шигшээ цувралд дахиад нэг тоглох болов. Энэ хожил нэр төрийн хожил уу, эсвэл финалд хүргэх хожлын эхлэл үү гэдгийг бид энэ сарын 22-ны өдөр харах болно. Ямартай цувралын гуравдах тоглолтод Дархан Могулс багийн залуу довтлогч М.Уранбаяр хийдгээ хийж 20 оноо авав.
Албайн Барс Хилчин 7 жилийн дараа финалд шалгарлаа

Энэ улиралд тоглолтоос тоглолтод яван чангарч сайжирч байгаа цөөн багийн нэг нь Алтайн Барс. Тэд хүснэгтийн хоёрдугаар байраар улирлыг өндөрлүүлсэн. Хасагдах шатанд өнгөрсөн жилийн аварга Мегастарстай таарсан ч асуудалгүй хожил байгуулж, аваргуудыг тэмцээнээс мулталлаа. Одоо тэд Дархан Могулс-Төв Миг Вулвс багийн хожсонтой аваргын төлөө өрсөлдөнө. Тэр хүртэл бэлтгэлээ хийгээд амрах боломж тэдэнд гарав. Тэд 2019 оноос хойш финалд шалгарч чадаагүй. 7 жилийн өмнө Мегастарс багтай финалд тоглож лигийн мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрнээс хойш бүрэлдэхүүн тарж, шинэчлэгдсэн ч плэй-оффт төдийлөн шалгарч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Харин энэ жил залуучуудаар бүрэлдэхүүнээ шинэчилж, Япон, Энэтхэг, Пакистаны шилдэг импорт тоглогч нарыг багтаа нэгтгэснээр энэ лигийн хамгийн хүчтэй багуудын нэг болоод байна. Импорт тоглогч нар энэ багийн гол багана тулгуур аль хэдийн болчихсон. Алтайн барс Хилчин клубийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тийм ч учраас 15 жилийн ойн хүрээнд илүү ач холбогдол өгч буй нь ч тодорхой. Тэд энэ жил Лигийн аваргын цомыг өргөж чадах уу?
Минтонентт говь финалд шалгарахад ганцхан хожил үлдлээ

Минтонетт Говь цувралын гурав дах тоглолтод маш чухал ялалт байгуулснаар цувралыг 2:1 харьцаатай тэргүүлж эхэллээ. Минтонетт Говь эхний сетийн хожлыг авсан ч Хилчин Ти Жи хоёрдугаар сетийн тоглолтод хожил авч сетийн харьцааг тэнцүүлсэн. Улмаар 3-р сетийн тоглолт оноо ойрхон эхэлсэн ч сетийн төгсгөлд Минтонетт илүүрхэж 21:25-аар өндөрлөв. Харин 4-р сетийн тоглолт маш өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Тухайлбал энэ сетэд зайлшгүй хожих баг нь “Хилчин Ти Жи” байв. Тийм ч учраас сетийн дунд үе хүртэл 14:9-өөр тэд илүүрхэж явсан ч тоглолтын төгсгөлд Минтонетт говь бага багаар оноог ойртуулсаар 20:25-аар эргэн эрэлт хийж чухал хожил байгуулав. 5 оноо илүү явна гэдэг волейболын спортод том давуу тал. Гэхдээ шүгэл дуугарах хүртэл бууж өгч болохгүй гэдгийг ОУХМ Д.Эрдэнэбулган тэргүүтэй Минтонетт баг хангалттай харууллаа. Одоо тэд финалд шалгарахад ганцхан хожил үлдлээ.
“Хөвсгөл Севен старс” хожигдох эрхгүй тоглолтдоо хожлоо

Эмэгтэй лигийн хасагдах шатны тоглолтууд цувралаас цувралд сонирхолтой болж байна. Хүснэгтийн 2,3-р байраар шалгарсан “Хөвсгөл Севен Старс”-“Хобби Эйс” багууд тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр. Хасагдах шатны цувралын эхний хоёр тоглолтод “Хөвсгөл Севен Старс” 2 дараалаж хожигдоод байсан. Тэгвэл тэд цувралын гуравдах тоглолтыг эхнээс нь хүчтэй эхлүүлж 4 ээлжийн тоглолтоор “Хобби Эйс”-ийг буулгаж авлаа. Өмнөх хоёр тоглолтод хоёуланд нь 3:1-ээр Хөвсгөлийн баг хожигдоод байсан. Харин энэ удаа зөрүүлээд 3:1-ээр хожиж чадлаа. Энэ тоглолтоос “Хөвсгөл Севен Старс” сэргэлт авбал хоёр багийн цуврал 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь түрүүлж 3 хожсон баг финалд шалгарна. Дараагийн тоглолтод “Хөвсгөл Севен Старс” хожил байгуулж чадах болов уу?
Плэй-иний тоглолтууд эхэллээ
Хагас шигшээ цувралын тоглолтууд өнөөдөр завсарласан. Харин Дээд лигийн хүснэгтийн сүүлд бичигдсэн хоёр баг Хөгжлийн лигийн хүснэгтийн нэг, хоёроор гарсан багуудтай плэй-ин тоглолт хийх учиртай. Плэй-иний цувралд түрүүлж 2 хожсон баг нь ирэх улиралд Дээд лигт өрсөлдөх эрхээ авна. Тийм учраас хасагдах шатанд өрсөлдөхөөс илүү чухал тоглолтууд эхэлж байна гэж хэлж болно.
Плэй-иний цувралд
- Уурхайчин-MMB Sport Academy
- Энержи-Натур бакс
- Хашхан Өвөрхангай-Докторс
- Минтонетт говь-Энержи багууд таараад байна.
Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
