Сурагчдын 12-р сарын 15-наас эхэлсэн өвлийн амралт дуусаж, өнөөдрөөс хичээлдээ явж эхэлсэн. Тэгвэл зарим сургуулийн автобус явахгүй байгаа талаар мэдээлэл бий. Тухайлбал тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 63-р сургуулийн автобус явахгүй байгаа талаар эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл 1111 төвд гомдол гаргажээ. Мөн автобус нь явахгүй байгаагаас үүдэн өнөөдөр хичээлдээ явж чадаагүй хүүхдүүд ч байгаа юм.
Бид ерөнхий боловсролын 63-р сургуулийн нягтлан бодогчоос уг мэдээллийг тодрууллаа.
-Сургууль амрахаас өмнө автобус явж байсан уу?
-Тогтмол биш ч хааяа хааяа явдаг байсан.
-Ямар шалтгааны улмаас сургуулийн автобус явахгүй байгаа вэ?
–Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 380 орчим хүүхэд сурдаг. 2 автобустай. Гэтэл өнөөдрөөс бүх сургууль “Үдийн цай”-ны төсвөөс өөр төсөвгүй болчихсон. Сургуулийн хэрэглээний зардлын санхүүжилтийг Боловсролын яам олгодог. Гэтэл 7-8 сараас хойш бидний хэрэглээний зардал хуримтлагдсан. Түлшний талонгүй учир автобус явах боломжгүй байна. Асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.
