Б.Батбаатар 3 давхар дээлээ зэрэг тайлах юм биш биз


Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд давхар ажилладаг Б.Батбаатар гэдэг хүн УИХ-ын гишүүний, БОУАӨ-ийн сайдын, ИЗНН-ын даргын 3 дээлээ нэгэн зэрэг тайлах эрсдэлд оржээ. Гол нь энэ хүн олон давхар дээлээ тайлаад зогсохгүй, ИЗНН-ыг татан унагах янзтай. Энэ намын нэрээр парламентад орсон 3 гишүүн нь намынхаа 8 гишүүнтэй нэгдэн, “Хангарди” гэх жигүүр байгуулсан байна. “Хангарди” жигүүр намаа Б.Батбаатараас салган авч, нисэхийг хүсэх болжээ.

III хороололд “Тумбааш” гэх дэлгүүртэй, “Азийн хөгжлийн сан” гэх хадгаламж зээлийн хоршоотой, авто угаалгын газартай, барилгын бизнестэй явсан Б.Батбаатар 2004 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин, парламентад сонгогдож, 2008 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаад, 2008-2013 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын дарга хийжээ. 2016 онд дахин УИХ-д өрсөлдөхөөр горилсон ч АН-ын дарга З.Энхболд түүнийг нэр дэвшүүлээгүй. Үүнд гоморхсон Б.Батбаатар АН-аас гарч, ИЗНН-д элсэн, З.Энхболдын эсрэг Баянгол дүүрэгт нэр дэвшиж байв. Гэвч өвдөг шороодсон. 2020 онд ИЗНН, Н.Энхбаярын МАХН, Монголын уламжлалын нэгдэн нам хамтран, “Та бидний эвсэл” үүсгэн, их хурлын сонгуульд МАХН 56, МУНН 15, ИЗНН 5 хүн нэр дэвшүүлжээ. Тэгэхэд Б.Батбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд унасан байна.

Тэр 2023.10.09-нд ИЗНН-ын дарга болсон. Тухайн үед түүнийг ИЗНН-ыг 500 сая төгрөгөөр худалдаж авсан гэх яриа гарч байлаа. Ямартай ч 2016 оноос 7 жил тус намын дарга байсан Ц.Ганхуяг ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр 2023.06.13-нд УДШ-д өргөдөл гаргасан ч 2 удаа буцаасны эцэст бүртгэж авсан байдаг. Ц.Ганхуягийг Засгийн газар 2025.01.29-нд ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилсон юм.

“Хангарди” жигүүр намаа Б.Батбаатараас салган авч, нисэхийг хүсэх болжээ

Түүнээс хойш ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийг Б.Батбаатар хамаатнуудаараа дүүргэсэн гэдэг. ИЗНН ээлжит бус XII их хурлаа 2025.11.30-нд хийж, дүрмээ шинэчлэн баталсан. Гэвч Б.Батбаатар тэргүүтнийг Төрийн ордонд хамаатнуудаа цуглуулан хуралдаж байх зуур УИХ-ын гишүүн Р.Батболд, М.Нарантуяа-Нара, ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар, дэд дарга Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн ИЗНН-ын хорооны дарга М.Амартунгалаг тэргүүтэн “Пума империал” зочид буудалд хуралджээ. Р.Батболд, М.Нарантуяа-Нара, ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар тэргүүтэн Б.Батбаатарыг намын удирдах албан тушаалд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө оруулсан, намын санхүүжилтийн мэдээллийг нуусан, зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутган, намын их хурлыг дахин зарлаж, дүрмээ хуулийн дагуу шинэчлэх, төрөөс өгсөн 455 сая төгрөгийн санхүүжилтийг тайлагнах шаардлага хүргүүлжээ. Гэвч газар аваагүй.

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл 45 гишүүний орон тоотой ч одоогоор 34 хүнтэй. Үүний бараг тал нь Б.Батбаатарын садан. Тэр эгч, дүү 8-уул. Түүний төрсөн ах Б.Батцэнгэл, эгч Б.Батцэцэг, түүний охин Б.Батдулам, төрсөн дүү Б.Батхүү, Б.Батсайхан, Б.Батхуяг, үеэл Т.Балжинням нар тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн. Мөн өөрийнх нь охин, ах, эгч дүү нарынх нь хүүхдүүд, дүү нарынх нь эхнэрүүд, үеэлүүд уг зөвлөлд багтдаг. Төрсөн дүү Б.Батхуяг нь тус намын дэд дарга. УТЗ нь жилд 2 сая төгрөгийн татвартай. Үүнийг өөр хүмүүс төлж дийлдэггүй учир садан, найзуудаараа тус зөвлөлийг дүүргэж, татвараа бүрдүүлдэг сурагтай.

Үндэсний хороо нь 225 хүнтэй байх ёстой ч эдүгээ 121 хүнтэй. 1 гишүүн жилд 720 мянган төгрөгийн татвар төлдөг. Намын анхан шатны нэгжүүд нь Үндэсний хорооны гишүүдээ тодруулдаг. Тус хорооны гишүүдийн дунд сонгууль явуулж, Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгодог байжээ. Үүнийг Б.Батбаатар өөрчилж, зөвхөн татвар төлсөн гишүүдийг ҮХ, УТЗ-д оруулдаг болгосон аж.

Төрөөс өгсөн 455 сая төгрөгийн санхүүжилтийг тайлагнах шаардлага хүргүүлжээ. Гэвч газар аваагүй.

Энэ бүхнийг харвал ИЗНН-ыг Б.Батбаатар худалдаж авсан байж мэдэх нь. Ардчилсан нийгэмд мөнгөө төлж авсан, хувийн өмчдөө л хүн ингэж дураар загнадаг. Ганзагын наймаанаас эхлээд дэлгүүр, угаалгын газар, хоршоо ажиллуулж явсан хүн намыг түүн шигээ ойлгодог байж магадгүй л юм. Эсвэл Б.Батбаатар ИЗНН-ыг ганц хүний удирдлагатай, 1924-1990 оны хооронд Монголд тогтсон МАХН шиг болгох гээ юм болов уу? Тийм бол ИЗНН-ыг дээд шүүх бүртгэхгүй байгаа нь арга ч үгүй юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намуудыг төлөвшүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Парламент 2023.07.07-нд шинэчлэн баталж, 2024.01.01-нээс мөрдөж эхэлсэн. Нам гэдэг нэгдлийг инститүц болгож, улс төрд бодлогын өрсөлдөөн үүсгэхийн тулд Улс төрийн намын хуулийг шинэчилсэн. Өрсөлдөөнт парламент өнөөдрийн Монголыг өөд нь татна гэж найдсан. Гэвч Монголыг биш, өөрийгөө, ах дүүсээ намаар дамжуулан өөд нь татахыг хүссэн хүмүүс нам байгуулж, удирдаад, өмчлөх шахам явж байна.

ИЗНН гишүүн цөөтэй, хүн бүрддэггүй учир УТЗ, ҮХ-ны гишүүдээ цөөлөхөөр төлөвлөжээ. Дунд шатны байгууллагууд нь ч гишүүн цөөтэй, жилд 240 мянган төгрөгийн татвараа хугацаандаа төлдөг гишүүн цөөн аж.

Монголыг биш, өөрийгөө, ах дүүсээ намаар дамжуулан өөд нь татахыг хүссэн хүмүүс нам байгуулж, удирдаад, өмчлөх шахам явж байна

Тус намын шийдвэр гаргах дээд байгууллага нь Үндэсний хороо. Үүнийг товчлоход ҮХ болдог. Тиймээс Б.Батбаатар их хурлаа хуралдуулахдаа Үндэсний зөвлөлдөх хороо гэж нэрийг нь өөрчилжээ. Энэ нь дээд шүүхэд бүртгэлгүй дүрмээр их хурлаа  хуралдуулсан хэмээн буруудсан байна. Тиймээс тус намын 2025.11.30-ны хурал хүчингүй болсон аж. Гэвч Б.Батбаатар уг хурлыг хүчинтэй хэмээн зөрүүдэлж, их хурлаа дахин хуралдуулсангүй. Түүнийг мөн намын даргын эрх мэдлийг өөртөө үүрд хадгалахыг хүссэн, намын дүрэмд түүнийгээ тусгасан хэмээн тус намын дэд дарга С.Батбаатар буруутгаж байна. Энэ бүхэн нь ИЗНН-ын шинэ дүрмийг УДШ бүртгэж авахгүй байх шалтгаан болж буй гэнэ.

Мэдээллээ гишүүдтэйгээ хуваалцдаггүй, УДШ рүү явуулсан, ирсэн бичгийг бусдадаа үзүүлдэггүй, төрөөс олгосон санхүүжилтийг нуудаг гээд Б.Батбаатартай холбоотой баахан хар мэдээ байсхийгээд гардаг. ИЗНН 2025 онд төрөөс 455 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Намуудыг инститүц болгохын тулд, татвар төлөгчдийн мөнгөнөөс намуудад өгч байгаа. Гэтэл Б.Батбаатар ИЗНН-д өгсөн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай тус намын дэд дарга С.Батбаатар шүгэлдлээ. Тэр 347 сая төгрөгийг юунд зарцуулсныг, 200 гаруй сая төгрөгөөр банкны ямар өр төлснийг АТГ шалгаж хариу өгөх биз. Миний төлсөн татвараар Б.Батбаатар өрөө дарахыг би лав зөвшөөрөхгүй.

“Хувь хүн, компанийн нам байж болохгүй. Энэ байр суурин дээр би бат зогсдог. Нам хариуцлага үүрдэг субъект болох ёстой. Улс төрийн нам хэнд хэрэгтэй юм. Улс төрийн нам Монголд л хэрэгтэй байх ёстой. Яг өнөөдөр МАН, АН хонины хашаа л болчихсон” хэмээн NTV телевизийн “Лхагвын тойм”-оор мэдэгдсэн Б.Батбаатар эдүгээ ИЗНН-ыг хувь хүний, ах дүүсийн, гэр бүлийн нам болгосон гэж намынхандаа шүүмжлүүлээд зогсохгүй, Хамтарсан ЗГ-т орчихсон, хонины хашаанаас АН-ыг гармагц орыг нь эзэлчхээд байж байна.

Одоо дээд шүүхээс өгсөн 60 хоногт тус нам амжиж дүрмээ хуульд нийцүүлэхгүй бол ИЗНН бүртгэлгүй нам болно. УДШ-д бүртгэлгүй бол УИХ-д суугаа ИЗНН-ын 4 гишүүний суудал ганхана. Учир нь тус намын ганц ч гишүүн сонгогчдын саналаар парламентад сонгогдоогүй. Бүгд намын квотоор УИХ-ын гишүүн болсон. Хэрвээ УИХ дахь суудлаа алдвал Б.Батбаатарыг Засгийн газар БОУАӨ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөхөд хүрнэ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *