Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Б.Мөнхтамир “Богдхан уулын дархан цаазат газарт стандартын шаардлага хангаагүй хашаа хатгасан компанид 30 сая төгрөгийн торгууль ногдуулж байна. Өмнө нь тухайн компанийн ашиглах талбайн хэмжээг хэсэгчлэн цуцалж байсан бол өнөөдөр газар эзэмших эрхийг нь бүрэн цуцаллаа.
Түүнчлэн 1000 орчим метр хашааг албадан буулгасан. 1 ам метр хашаа буулгах зардал 20.000 төгрөг. Тус хашааг буулгахад 20 сая төгрөг шаардагдсан гэсэн үг. Цаашид газрын төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл, шаардлага хүрүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд газрын зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.
