БНСУ-ын волейболын спорт ази төдийгүй дэлхийд өндөр хөгжсөн. Шигшээ багийн ранкаар тивдээ эхний тавд эрэмбэлэгддэг. Энэ ч утгаараа ази төдийгүй дэлхийд алдартай олон тамирчид бий. Тэгвэл БНСУ-ын волейболын алдартнууд болох Ким Ён Гён , Пё Сын Жү нар Монголд ирээд байна. Тэд өнөөдөр Монголын Волейболын Дээд лигийн финалын тоглолтуудыг үзэж сонирхоно. Үүнээс өмнө Үндэсний биеийн тамирын сургуулиар зочилж, хүүхэд залуустай дурсгалын зураг татуулжээ. Тэгвэл “Волейболын хатан хаан” нэрээр алдаршсан Ким Ён Гёны тухай товч мэдээллийг хүргэж байна.



Ким Ён Гён 1988 оны 2-р сарын 26-нд төрсөн. Дэлхийд алдартай, чадварлаг, олон улсын томоохон тэмцээнд өөрийгөө таниулсан Солонгосын волейболын домогт тамирчин юм. Тэр олон улсын лигт өндөр амжилттай, олимпын наадмуудад гялалзсан, клуб болон үндэсний багт том хувь нэмэр оруулсан. Шигшээ багийн түвшинд Лондон 2012, Токио 2020 оны олимпд өрсөлдөж хамгийн их оноо авч байсан туршлагатай лидер тоглогч. 20 гаруй жил мэргэжлийн лигт тоглосноор Ази болон дэлхийн волейболын лидерүүдийн нэг болсон. Өнгөрсөн жил албан ёсоор зодог тайлсан ч волейбол сонирхогчид түүнийг мартаагүй.


Тэрээр 2025 онд “Wonder Dogs” багийг бүрдүүлж, дасгалжуулагчаар ажилласан. Энэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар сонгогдон тоглосон юм. Тэгвэл алдарт тамирчин Ким Ён Гён болон тус улсын шигшээ багийн тоглогч Пё Сын Жү нар Монголд анх удаа ирлээ.
Пё Сын Жү 1992 онд төрсөн. Өмнөд Солонгосын эмэгтэй волейболын мэргэжлийн тамирчин, үндэсний шигшээ багт тоглож байсан туршлагатай довтлогч. Хурдтай, уян хатан довтолгоо, хамгаалалтаараа сайн. Зөвхөн оноо авахаас гадна арын шугамын хамгаалалтад идэвхтэй тоглодог. Ийм онцлогтой шилдэг тоглогчид Монголд ирээд байна. Тэд өнөөдөр Монголын Волейболын дээд лигийн тоглолтыг Степпе аренад үзэж сонирхоно. Энэ бол хүүхэд залуусын хувьд хүсэн хүлээж буй онцгой нэгэн үйл явдлуудын нэг.
БНСУ-ын волейболын алдартнууд Монголын волейболын дээд лигийн тоглолтуудыг үзнэ
Өнөөдөр Дээд лигийн талбайд ямар тоглолтууд болох вэ?
-Хүрэл медаль
- Хөвсгөл Севен Старс- Хилчин Ти Жи
- Мега Старс-Дархан Могулс
-Алтан медаль
- Хобби Эйс-Минтонетт говь
- Алтайн барс Хилчин-Төв Миг Вулвс
Эдгээр тоглолтыг PSN5 болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлж буй. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
Хож эсвэл харь!
Үндэсний Дээд лигийн медалийн төлөөх гурав дахь цувралын тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн. Цувралын гурав дахь тоглолтын байдлаар хүрэл медалийн төлөөх эрэгтэй багуудын тоглолтод Дархан Могулс- Мега старсыг 3:0-ын харьцаатай хожсоноор цувралыг 2:1-ээр тэргүүлж байна. Эмэгтэй багийн тоглолтод Хөвсгөл Севен Старс-Хилчин Ти Жи баг мөн 2:1-ээр тэргүүлж буй.
Алтан медалийн төлөөх эмэгтэй багуудын тоглолтод Хобби Эйс-Минтонетт говийг 3:0-ээр хожсоноор цувралыг 2:1 болгож ойртуулсан. Харин Алтайн барс Хилчин клуб хожил авч чадаагүй Төв Миг Вулвсд гурав дараалж хожигдоод байна. Тэгвэл өнөөдөр цувралын 4 дэх тоглолтод Төв Миг Вулвс, Минтонетт говь, Хилчин Ти Жи, Дархан Могулс багууд ялвал медалийн төлөөх тоглолтууд өндөрлөж аварга багууд тодорно. Харин Хөвсгөл Севен Старс, Хобби Эйс, Алтайн Барс, Мега Старс багууд хожвол цуврал цааш үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл “хож эсвэл харь” гэдэг маш чухал тоглолт Степпе аренагийн талбайд болно.
