А.С.Пушкиний медалиар шагнав


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путиний 2025 оны Х/25-ы өдрийн 728 дугаар зарлигаар Монгол Улсын иргэн дуун хөрвүүлэгч Базарын Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнав.  Уг зарлигт “Орос хэл, соёлыг хадгалан хамгаалах, гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан гавьяа, зүтгэлийн төлөө Монгол Улсын иргэн Базарын Магсаржавыг ПУШКИНИЙ Медалиар шагнасугай” гэжээ.

Б.Магсаржав нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ дэлхийн, түүний дотор оросын сонгодог зохиолчдын бүтээлийг олон жилийн турш орчуулан нийтлүүлж монгол уншигчиддаа хүргэжээ. Тэрбээр Оросын аугаа их зохиолч А. С. Пушкин, М. Ю. Лермонтов, Ф. Тютчев, А. Блок, И. Бунин, А. Ахматова нарын олон арван бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлсэн байна. Мөн дэлхийн сонгодог зохиолч У. Шекспир, Уолт Уитмен, Эдгар Аллан По, Федерико Гарсиа Лорка, Габриэль Мистраль, Ли Бай, Сү Дөнпо зэрэг яруу найрагчдын 1000 гаруй зохиолыг орчуулсан байна.

Доктор, яруу найрагч Б. Магсаржав нь МЗЭ-ийн болон Д. Нацагдоржийн шагнал, утга зохиолын орчуулгын төлөө “Билигт гүүш” шагнал, Тайвань дахь Олон улсын урлаг, соёлын форумын алтан медалиар урьд нь шагнагдаж байсан манай нэрт дуун хөрвүүлэгч билээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён А.Н.Евсиков уг шагналыг дуун хөрвүүлэгч Б.Магсаржавт гардуулан баяр хүргэж Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааг хөгжүүлж утга зохиолын орчуулгын уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *