16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглохоор төлөвлөж байна


Испани улс 16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглээг хориглохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайд Педро Санчес мягмар гарагт мэдэгджээ. Дубай хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Бидний хүүхдүүд хэзээ ч ганцаараа аялах ёсгүй орон зайд нэвтэрсэн байна. Энэ бол донтолт, хүчирхийлэл, порнограф, залилан мэхлэлтийн орон зай юм. Бид үүнийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Бид хүүхдүүдээ дижитал “Зэрлэг Өрнөдөөс” хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн тус улс аливаа хууль бус, үзэн ядалтын утга агуулгатай, хор хөнөөлтэй контентыг устгаагүй тохиолдолд тухайн сошиал медиа компанийн гүйцэтгэх удирдлагад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ хуулийг батлах гэж байгааг мэдээлжээ. Шинэ хуулийг батлах үйл явц ирэх долоо хоногт эхэлнэ гэв.

Өнгөрсөн оны 12-р сард Австрали улс 16 хүртэлх насны хүүхдүүдэд Фэйсбүүк, ТикТок, Инстаграм, Снапчат, Х зэрэг 10 сошиал платформын хэрэглээг хориглосон Дэлхийн анхны улс болсон юм. Үүний дараа Франц, Дани 15 хүртэл насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөж байгаагаа саяхан зарласан.

Тэгвэл Испани улс мөн тэдний жишгийг дагаж, 16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хууль батлахаар хэлэлцэж эхэллээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *