“Амар байна уу” хэмээн золгож, ахан дүүсийнхээ мэндийг мэдэж, өвлийг өнөтэй давж, өнгөтэй орсны баярыг тэмдэглэх Сар шинийн баяр хэдийнээ хаяанд ирлээ. Энэ л баяраар бид хол ойрын ах дүү, амраг садантайгаа уулзаж, амар мэндийг нь мэддэг уламжлалтай.
Гэвч сүүлийн жилүүдэд Сар шинийн баярыг тэмдэглэхээс татгалзаж, ахмад буурлууддаа туслахгүй гэх хандлагатай хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Угтаа Сар шинийн баярын бэлтгэлд залуучуудын оролцоо онцгой чухал. Ахмад настныхаа идээ будааг бэлдэж, ууц, бууз, цагаан идээгээ засахад нь туслахад тэдний сэтгэл баясдаг.
Ахмад буурлууд маань амьдралын арвин туршлага, ухаан билгийг өвлүүлэн үлдээдэг үнэт баялаг. Сар шинийн баяраар тэдэнд золгож, ерөөлийг нь сонсон, халуун дотно яриа өрнүүлэх нь зөвхөн ёс төдий бус, сэтгэлийн дэм, оюуны өвийг үргэлжлүүлэх чухал үйл юм.
Түүнээс гадна монголчууд бидэнд бичигдээгүй нэгэн хууль бий. Тэр юун гэвэл үр хойч, ач зээ нар нь ахмад буурлуудынхаа, аав ээжийнхээ тогоог барих явдал. Магадгүй энэ нь зарим хүмүүст хүнд хэцүү ажил мэт боловч азай буурлуудын маань хувьд маш том тус.
Угтаа орчин үеийн амьдралын хурдацтай хэмнэл дунд уламжлалт ёс заншлаа хадгалж, ахмад настнаа хүндэтгэх нь залуучуудын ухамсар, төлөвшлийг ч илтгэнэ. Сар шинийн баяр бол зөвхөн шинэ оноо угтах бус, удам дамжсан үнэ цэнийг сэргээж, хайр хүндлэлийг бататгах боломж гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн нь зөвхөн ажил хийж өгч буй хэрэг бус ахмад настнуудынхаа хөдөлмөр зүтгэл, амьдралын замналыг хүндэтгэж, тэдэнд халамж анхаарал тавьж буй чин сэтгэлийн илрэл. Энэ бол Цагаан сарын хамгийн сайхан дүр зураг билээ.

Энэ талаар иргэдийн байр суурийг сонсоход,
- Иргэн А “Би орон нутгийн хүүхэд. Тиймдээ ч Сар шинийн баяраар нутаг буцаж, эмээ өвөөтэйгөө цагаалах дуртай. Миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг. Жилд ганц удаа тэмдэглэж байхад тэдэндээ туслахгүй, дэмжихгүй байж болохгүй шүү дээ” гэв.
- Иргэн Б “Сар шинийн баяраар хамгийн сайнаараа бэлдэж, элбэг дэлбэг шинэлэх хэрэгтэй. Сүүлийн үед энэхүү баяраас цааргалдаг, дургүйцдэг хүмүүс нэмэгдсэн. Угтээ Сар шинийн баяр бол ахмад буурлуудыгаа хүндэлж буй томоохон баяр шүү дээ. Тиймээс Сар шинийн баяраа ёс төдийхнөөр тэмдэглэх бус сэтгэлээ шингээн тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж ахмадуудаа хүндэлж, тэднийхээ тогоо шанагыг барьж өгөх нь хамгийн зөв” гэлээ.
- Ахмад настан С “Цагаан сар дөхөхөөр хүүхдүүд маань л хамгийн их тусалдаг. Өөрсдөө мөнгөгүй хоосон хэрнээ л ээж, аавдаа тус дэм болъё гэж боддог. Миний бага хүү бол надад хамгийн их тусалдаг. Цагаан сараар ч тогоо шанагыг минь барьдаг тусч мундаг хүү. Яах вэ, зарим хүмүүс Цагаан сар тэмдэглэхгүй, аав, ээждээ туслахгүй гэж хэлдэг ч энэ нь хувь хүний ухамсрын асуудал” гэсэн юм.
Цагаан сар нь зөвхөн идээ шүүс элбэг дэлбэг засаж, зочин гийчин хүлээдэг баяр бус. Харин ахмад буурлуудаа дээдлэн хүндэтгэх, эв нэгдэл, хүн чанарыг эрхэмлэх монгол хүний ёс суртахууны илэрхийлэл билээ. Энэхүү сайхан уламжлалыг үеэс үед нандигнан хадгалж, үйлдлээрээ үлгэрлэн өвлүүлэх нь монгол түмний бахархал, үүрэг хариуцлага хэвээр байх учиртай.
