Хорт хавдартай тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна. Монголд 2025 онд 8169 хүн хорт хавдраар оношлогдсон. Үүнийг 2024 онтой харьцуулахад 154-аар нэмэгджээ. Нийт хорт хавдрын 26.9 хувийг элэгний, 16.7 хувийг ходоодных эзэлж байна.
Үүнээс ходоодны хавдрыг авч үзвэл 10 настай хүүхэд ч өвдсөн тохиолдол гарсныг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
М.Чинзориг ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч

-2025 онд хэчнээн хүн ходоодны хорт хавдраар оношлогдсон бэ?
–Монголд ходоодны хорт хавдар 2-т эрэмбэлэгддэг. 2025 онд гэхэд 1400 орчим хүн ходоодны хорт хавдраар оношлогдсон. Мөн энэ төрлийн хавдраар жилд 800-900 хүн нас бардаг гэх статистик бий. Ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн 60 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог. Иймд эрт илрүүлэгт заавал хамрагдах нь нэн чухал.
Ходоодны хавдар үүсгэх гол шалтгаануудыг дурдаач…
-Иргэдийн буруу хандлага. Тухайлбал: Ходоодны үрэвслийг эмээр бүрэн эмчилдэггүй, мөн давтан үзүүлдэггүй. Ингэснээр үрэвсэл даамжирч, хавдар үүсдэг. Мөн сүүлийн үед ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн өгүүлэмжийг сонсоход давстай, даршилсан бүтээгдэхүүн түгээмэл иддэг болох нь ажиглагдсан. Үндсэндээ буруу хооллолт нь ходоодны хавдрын гол шалтгаан.
–Хүмүүс ходоодоо дурандуулдаг. Тэгвэл энэ нь хэр оновчтой оношилгоо вэ. Ямар тохиолдолд дурангийн шинжилгээг зөвлөх вэ?
-Дурандуулах нь ходоодны хавдрыг илрүүлэх хамгийн оновчтой шинжилгээ. Хавдрын маркерын шинжилгээг хүмүүс их хийлгэдэг. Энэ нь онош баталгаажуулах нарийн шинжилгээ биш. Тиймээс аюулхай орчимд өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, турах гэх мэт зовуурь илэрвэл ходоодны дурангийн шинжилгээнд орох хэрэгтэй.
–Ходоодны хорт хавдраар хэдэн насныхан түлхүү өвчилж байгаа вэ. Энэ төрлийн өвчин сүүлийн үед залуу хүнд тусах хандлагатай байгааг зарим эмч мэргэжилтнүүд дурдсан…
-10 настай хүүхэд ходоодны хорт хавдраар өвчилсөн тохиолдол бий. Жилд 18-20 насны 10 орчим хүн өвчилж байгаа. Залуучууд ходоодны хорт хавдраар өвчлөх нь элбэг байгаа. Гэхдээ судалгаагаар ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан түлхүү өвчилж, оношлогддог. Хамгийн харамсалтай нь 3, 4-р шатандаа буюу найдваргүй болсон үедээ хандах нь түгээмэл байна.
-Энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд нэвтрүүлсэн шинэ эмчилгээ, оношилгооны талаар дурдаач…
-Монголд зонхилох элэгний болон ходоод, хөх, умайн хүзүү, уушгины, бүдүүн гэдэсний гэх мэт 6 төрлийн хавдрыг эрт илрүүлгээр 1-2 жилд зайлшгүй нарийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. Тухайлбал: Ходоодны хорт хавдар 40-өөс дээш насныханд түгээмэл тохиолддог. Тэднийг хоёр жилд нэг удаа ходооны дурангийн шинжилгээнд хамруулахаар болж байгаа.
